Нийслэлийн АН-ын гишүүд Хууль зүй дотоод хэргийн яамны гадна өнөөдөр /2022.05./ жагсаал зохион байгуулсан.
Учир нь Нийслэлийн АН-аас энэ сарын 11 /2022.05.11/-ны өдөр Х.Нямбаатар сайд болон Ерөнхий прокурорт хандаж, “Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат нарыг огцруулахыг шаардсан” албан тоотыг хүргүүлсэн байна.
Иймд өнөөдөр /2022.05.25/ дээрх шаардлагынхаа хариуг нэхэж жагсаал зохион байгуулсан байна. Харин Хууль зүй, дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд Х.Нямбаатарын зүгээс тэдний шаардлагын хариуг ажлын цагт багтааж өгнө гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Нийслэлийн АН-ын шаардлагын хариуг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгчээ. Тэрээр, “шаардлагад дурдсан цагдаагийн байгууллагын нэр бүхий удирдлагуудад хариуцлага тооцох үндэслэлгүй” гэжээ. Тодруулбал, Нийслэлийн АН-ын 2022 оны 01/02 дугаартай албан шаардлагад дурдсан асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзлээ хэмээгээд, “Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд прокурорын байгууллагын хяналтад явуулсан байх тул шаардлагад дурдсан цагдаагийн байгууллагын нэр бүхий удирдлагуудад хариуцлага тооцох үндэслэлгүй байна” гэсэн хариуг хүргүүлжээ.