Өчигдөр /2022.05.22/ Баянхонгор аймаг Галуут сумын нутаг дэвсгэрт авто машин онхолдож хоёр хүн нас барсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус сумын нутаг дэвсгэрт “Toyota Prius-11" маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож явсан 16 настай, эрэгтэй “М”, зорчигч тус аймгийн Баянхонгор суманд оршин суух 46 настай, эрэгтэй “Э” нарын амь нас хохирчээ.
Зорчигч 2-12 насны гурван хүүхэд, 37-68 насны хоёр, нийт таван хүн гэмтсэн харамсалтай хэрэгт Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд жолооч зорчигч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.