Барьж дуусаагүй "амины орон сууц"-ны төлбөрийг "Эрдэнэт үйлдвэр" бүрэн төлж, нэмээд ₮1,4 тэрбумын өглөг үүсгэсэн байжээ

Барьж дуусаагүй "амины орон сууц"-ны төлбөрийг "Эрдэнэт үйлдвэр" бүрэн төлж, нэмээд ₮1,4 тэрбумын өглөг үүсгэсэн байжээ

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ журмын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар нийт 231.7 тэрбум 946 сая төгрөгийн 18 алдаа, зөрчил илэрчээ.

-ГҮЙЦЭТГЭЛИЙН АЖИЛ НЬ ДУУСААГҮЙ ОРОН СУУЦНЫ ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ТӨЛЖ, НЭГ ТЭРБУМ 417 САЯ ТӨГРӨГИЙН ӨР ҮҮСГЭЖЭЭ-

Дээрх зөрчлүүдийн нэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэрэгжүүлж буй “ЭКО-400” амины орон сууц төсөл. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллагчдаа орон сууцаар хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Уурхайчин” цогцолбор хорооллын төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалт болох орон сууцны уг хөтөлбөр гурван хэсгээс бүрддэг байна.

Үүнд;

  • Эхнийх нь залуу ажилчдад зориулсан, 1300 айлын орон сууцны “Уурхайчин-1” хороолол
  • Хоёр дахь нь 80, 90 м2  бүхий том талбайтай, 600 айлын орон сууцны “Уурхайчин-2” хороолол барилгын ажил нь явагдаж эхэлсэн.
  • Гурав дахь нь 400 айлын амины орон сууцны “Уурхайчин-3” шинээр баригдаж буй хотхон нь төрийн үйлчилгээний бариллагууд, сургууль, цэцэрлэг, худалдааны төвүүд болон орос сургууль, цэцэрлэгийн салбар барьж, нээхээр төлөвлөсөн “уурхайчдын” гэх тодотголтой орчин үеийн хороолол юм.

1,4 тэрбум төгрөгийн өглөг үүссэн амины орон сууц

Уг хорооллын барилгын ажлыг “Люксвууд грүпп” ХХК хариуцан одоогийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлаа явуулж байна. Тодруулбал, 2019 онд баригдаж эхэлсэн “Эко 400” төслийн хүрээнд “Люксвууд грүпп” ХХК,  “Уурхайчин-3 буюу 400 айлын амины орон сууцны барилгын ажлыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж эхэлсэн байдаг. Харин  хорооллын доторх инженерийн шугам сүлжээ, зам талбайн тохижилтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьж буй. Энэ хороололд 76 га газар төлөвлөгджээ. Мөн барилгын ажил дуусмагц талууд гэрээний дагуу худалдан авалт хийх ёстой.

"Люксвүүд грүпп” ХХК-ны барьж буй 19 ширхэг амины орон сууцыг “Эрдэнэт үйлдвэр” худалдан авчээ. Ингэхдээ барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байхад талууд харилцан тооцоо нийлж, гэрээний дагуу төлбөрийг төлсөн байгаа юм. Улмаар ажлын явцад 100 хувь гэрээний үнээр хөрөнгөд бүртгэж, төлөгдөөгүй 20 хувиар өглөг үүсгэсэн байна.

Өглөг үүсгэсэн мөнгөн дүн нэг тэрбум 417 сая төгрөг. Товчхондоо, гүйцэтгэлийн ажил нь дуусаагүй орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэд төлж, нэг тэрбум 417 сая төгрөгийн өр үүсгэсэн байна. Энэ мэт өндөр өртөг бүхий барилга байгууламжуудад асуудал гарч хэдэн тэрбумын зөрүү өр гаргаж буй нь наанаа засаж залруулах ёстой тооцоо болоод өнгөрөх ч цаанаа хэн нэг эрх мэдэлтэй эрхмийн мөнгө угаах арга байхыг үгүйсгэхгүй.

-“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “УУРХАЙЧДЫН” ГЭХ ТОДОТГОЛТОЙ ОРЧИН ҮЕИЙН ХОРООЛОЛД АЖИЛЧИД БАЙР АВАХ ГЭСЭН Ч ТӨЛБӨРИЙН ДИЙЛЭХГҮЙ БАЙНА-

Одоо баригдаж буй “Уурхайчин-3” амины орон сууцны барилгын ажил 70 хувьд хүрч захиалга авч эхэлжээ. Анх баригдахдаа Эрдэнэт уурхайн ажилчдыг оруулах зорилгоор баригдсан уг хороололд үйлдвэрт 20 гаруй жил ажилласан иргэн ч байр захиалж чадахгүй байгаа тухай бидэнд ярьсан юм. Бид тус үйлдвэрийн ажилчнаас дараах тодруулгыг авлаа.

-Та “Уурхайчин-3” хороололд байрны урьдчилсан захиалга өгсөн үү?

-Манайх “Уурхайчин-3” хотхонтой ойролцоо байдаг юм. Урьдчилсан захиалга авч эхэлсэн гэхээр нь очиж уулзсан. Танайх “Таун хаус”-д орох боломжтой гэсэн.

-Танай орох боломжит “Таун хаус”-ны нийт үнэ хэд болсон бэ?.

-Би “Эрдэнэт үйлдвэрт 20 гаруй жил ажилласан юм. Ипотекийн зээл байгаа юу, Урьдчилгаа хэдийг төлөх талаар асуусан. 210 метр квадрат манайд оногдсон тэр нь 350 сая төгрөгийн үнэтэй байсан. Цалингаас цалингийн хооронд байдаг бид бол хэзээ ч авч чадахааргүй байр байна лээ.

-Ажилчиддаа үзүүлж буй зээл болон төлбөрийн уяан хатан нөхцөл байгаа юу?

-Тийм зүйл байхгүй гэсэн. Барилгын гүйцэтгэл 70 хувьтай байхад буюу одоо захиалга өгвөл гэрээ хийснээс хойш долоо хоногийн дотор 100 сая төгрөгийн урьдчилгаа өгөх ёстой.  Барилгын ажил 90 хувьтай болохоор дахин 100 сая төгрөг өгнө. Тэгээд түлхүүрээ авахдаа 50 сая төгрөг өгч байж байрандаа орно гэсэн.

-Танай ажлын газраас тус хороололд захиалга өгсөн хүн байгаа юу?

-Манай ажлын бас нэг арай залуу хос орох гэж үзсэн ч төлбөрийг нь дийлээгүй. Хари бид 50-80 метр квадрат байвал авч чадах байх. Гэтэл 210 метр квадрат л авах боломжтой гэсэн. Ядаж хоёр айл нийлээд авъя гэсэн ч нэг хауснд нэг л айл орох ёстой юм байна лээ.

-Тэгэхээр та бүгдийн хувьд “Уурхайчин-3” хотхонд ямар хүмүүс байр авна гэж бодож байна?

-Бид хоорондоо ярилцсан юм. Энэ хороололд бол нэг бол дарга нар орж болох юм байна. Хоёрдугаарт, нэлээд баян хүмүүс, гуравдугаарт бизнес эрхэлж буй хүн л орж чадах юм байна. Ерөөс цалингаас цалингийн хооронд байдаг бид бол хэзээ ч авч чадахгүй юм байна гэж бид ажлаараа ярилцсан. Ихэнх хүн иймэрхүү л байдалтай байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад зориулсан гэх энэхүү хотхон нь хамгийн хямд үнэ буюу нэг метр квадрат нь нэг сая 650 мянган төгрөг. Гэсэн ч 180-210 метр квадраттай хауснууд нь хамгийн бага талбайдаа орж байгаа юм. 187-356 м2 талбай хауснуудын үнэ 750 саяас дээш байгааг онцлон ярьж байлаа.