Монгол Улсын Филармонийн дуучин Б.Дэлгэрбаяр нарын уран бүтээлчид тавдугаар сарын 9 /2022.05.09/-ны өдөр ОХУ-ын Москва хотноо болох Ялалтын баярын арга хэмжээнд оролцож, "День Победы" дуугаа дуулахаар болсон гэх мэдээлэл нь олны дургүйцлийг төрүүлээд байсан юм.
Тодруулбал, Монгол Улсын Филармони гэх төсвөөс санхүүждэг, төрийн албаны статустай соёлын урлагийн байгууллага дуучнаа "дайн өдөөсөн оронд дайны цаг үед цэргийн дуу дуулуулахаар явуулж байгаа нь дайн дэмжсэн" хэрэг болно.
Дайн дэмжихгүй төрийн нэгдмэл гадаад бодлогоо сахиж, энэ үйлдлээ зогсоо хэмээн олон нийт шаардаж байсан юм.
Тэгвэл ОХУ-ын Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор бэлтгэл хийж байсан монгол цэрэг, дуучдаас коронавирусийн шинжилгээ авахад хариу нь "эерэг" гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Иймд Москва хотноо болох Ялалтын баярт тэднийг оролцуулахгүй болж, арга хэмжээг нь цуцалсан байна. Харин энэ нь үнэхээр коронавирусийн улмаас байв уу эсвэл олны шүүмжлэлд өртөсөн учраас ковидын хариу "эерэг" гарсан гэх шалтгаанаар цуцалсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.