Энэ сарын 01 /2022.05.01/-ний өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Шарга морьтын зуслангийн тоглоомын талбайд 12 настай хүү тоглож байгаад сураггүй алга болж нэг хоногийн дараа алга болсон газраас 7 км зайтай, ойгоос олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэрэг гарсан билээ.
Тэгвэл энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “12 настай хүүг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчидтай хамтран эрэн хайсны эцэст алга болсноос нэг хоногийн дараа /2022.05.02/ 12:00 цагийн орчимд олсон. Хүүхэд олдох үедээ модны хажууд суусан байдалтай, бэртэж гэмтсэн зүйл огт ажиглагдаагүй. Харин эрлийн хүмүүс ирж байгааг хараад сандраад уул өөд гүйсэн. Тоглож байгаад төөрч, ой мод руу орсон байсан” гэв. Иймд эцэг, эхчүүд та бүхний хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.