Тагнуулын ерөнхий газраас дөрөвдүгээр сарын 05-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж өмгөөлөгч Б.Баасанцогтыг баривчилсан билээ. Тагнуулын байгууллагаас "Зэвсэгтэй этгээдүүдийг саатуулахад өмгөөлөгч Б.Баасанцогт нарын галт зэвсгүүд байсан тул түүнийг сэжигтнээр татаж, саатуулсан" гэдгийг мэдээлсэн юм.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцжээ.
Улмаар “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.