Ногоон нуурын бүсэд 1008 айлын орон сууц баригдах бэлтгэл бүрэн хангагджээ

Ногоон нуурын бүсэд 1008 айлын орон сууц баригдах бэлтгэл бүрэн хангагджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцлаа. Энэхүү төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн  есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих аж.

Бүтээн байгуулалтын ажилд Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн байна. Харин  Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах бөгөөд бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Төсөл хэрэгжүүлэх байршлын газрыг  2012-2013 онд чөлөөлөлсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлсэн байна. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ гэв. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд  21 давхар, зоорьтой, найман блок барилгыг босгохоор төлөвлөжээ. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн төр, захиргаан байгууллага, хувийн байгууллагуудаа дэд төвүүдээ түшиглэн гаргахад анхаарна. Энэ нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийгдэнэ. Зургаан дэд төв дээр суурилж, их бүтээн байгуулалтын ажил хийнэ. Нийслэл нэг төвт хотоос олон төвт хот болж, хэт их төвлөрлийг бууруулна.

Орон сууцны бодлогыг хотын төвдөө биш, Сэлбэ, Баянхошуу дэд төвөө түшиглэж, эхний ээлжид ажлуудаа эхлүүлнэ. Түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл, хурдны замын асуудал нь хөрөнгө оруулалт шаардсан ажил. 420 тэрбум төгрөгөөр зөвхөн зам тавина гэж ойлгож болохгүй. Зөвхөн энэ мөнгөнд найдалгүй, үүнээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байж, 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг шийднэ. Засгийн газрын шийдвэр гаднын хөрөнгө оруулалтыг урин дуудсан. 1.5 сая иргэн гэдэг бол өөрөө худалдан авах том зах зээл. Энэ төвлөрөл дээр суурилсан эдийн засгийн, бизнесийн, хот байгуулалт, төлөвлөлтийн зөв зохицуулалтыг Улаанбаатар хотын захиргаа Засгийн газартайгаа хамтарч, УИХ бодлогыг нь гаргаж, уялдаа холбоотой, цогцоор нь шийдэж ажиллана” хэмээн ярилаа.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС