УИХ-ын чуулганаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн баталлаа.
Уг санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд 170 сая ам.долларын нэмэлт эх үүсвэр авах асуудлыг тусгасан байна. Санхүүжилтийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцоод буй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ зээлийг зайлшгүй авах шаардлагатай бий юү? Эргээд энэ зээлээ яаж төлөх гэж байгаа юм. Ямар ч улс орон зээлээ эргэлтэд оруулдаг. Гэтэл зээл авч байгаа хүмүүс нь гавьяа байгуулж байгаа юм шиг харагддаг болжээ. Энэ танхимд ч гэсэн зээл авч байх ёстой юм шиг хандлагатай болсон байна. Зээлэнд нутаг орноо өгч байгаа тохиолдол гараад эхэлсэн. Авч байгаа зээлээрээ халамжаа санхүүжүүлж байгаад харамсаж байна. Хоёр хүний нэг нь ядуу, ажил хийх байхгүй, аж ахуй нэгжүүд хаалгаа барьж байхад энэ мөнгө хяналтгүй урссан зүйл болох вий” гэв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Ариунзаяа “Зээлийн хувьд АХБ-ны хөнгөлттэй, энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил. Үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөж байгаа. Зээлийн хүү хоёр хувь байхаар Сангийн яам хэлэлцээ хийсэн. Одоо нэмэгдэж байгаа 170 сая доллар нь өмнөх онд баталсан 300 сая төгрөг дээр нэмэлтээр орж ирж байгаа. Халдварын нөхцөл байдал өнгөрсөн жилийн төсөөллөөс илүү давсан, хүнд нөхцөлд байгаа учраас эдгээр нэмэлт санхүүжилтийг авч байгаа. Нэмэлт санхүүжилтээс хүүхдийн мөнгөний эхний долоон сард олгогдож байгаа мөнгөн дээр нэмэлтээр 68 сая ам доллар орж ирж байна. Энэ жилийн хувьд нэмэгдсэн хэлбэрээр олгож буй мөнгөнд 664 төгрөг улсын төсөвд суусан байгаа" гэв.