Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-ааас буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжиж, хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/-аас хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлтөд хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын пэйж хуудас, и-барим апп, 115 дугаарт хүлээн авах юм байна.
Өнгөрсөн намар ШӨХТГ-аас бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн хэд хэдэн ААН-ыг 20 сая төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ удаад ч авах арга хэмжээ адилхан байхыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
ШӨХТГ-аас гаргасан мэдэгдэлд “бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:
- Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
- Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
- Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
- Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомстол үүсгэхгүй байх
- Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
- Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэжээ.