Турк руу зорчих 30 хоногийн визийг 90 хоног болгох санал тавьжээ

Турк руу зорчих 30 хоногийн визийг 90 хоног болгох санал тавьжээ

Энэ онд БНТУ-тай манай улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Тус ойн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-31нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  

Турк улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопын айлчлалын хүрээнд өрнөсөн үйл явдал, яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна. 

-УИХ-ын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийх,

Уулзалтаар хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон байна. Мөн нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжинэ ажиллахаа илэрхийлжээ.

-Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон байна.

-Парламентын удирдлагуудын түвшинд “Туркиш-Эйрлайнс” компанийн тээвэрлэж буй зорчигчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон байна. Туркийн тал тус улсад зорчих Монгол иргэдийн визний хоног 30 байгааг 90 болгох, "Туркиш Эйрлайнс" компанийн онгоцыг долоо хоног бүр шууд нисгэх боломжийг нээж өгөх санал тавьжээ. 

-Боловсролын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлнэ.

-Монгол Улс, БНТУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтэд оролцох

-Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-гийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар дөрөвдүгээр сард 400 ширхэг архивын зориулалтын нягтаршуулсан шүүгээ, тавиуруудыг суурилуулжээ. Ингэснээр архивын материалыг стандартын дагуу хадгалж, хамгаалах боломж олгосон чухал үйл явдал аж.

-Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төсөл ТИКА-гийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд нээлтэд оролцох

Энэ хүрээнд Турк, Монгол хоёр улс санаачилж Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж ажиллахаар тохиролцсон байна. Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ.