Бүх төрлийн зээл, түрээсийг хойшлуулах асуудалд Л.Энх-Амгалан иргэдээс санал авч байна

Бүх төрлийн зээл, түрээсийг хойшлуулах асуудалд Л.Энх-Амгалан иргэдээс санал авч байна

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ.

Иймд энэ хугацаанд иргэдийн өмнө тулгарч буй нэг асуудал нь арилжааны банкны зээлийн эргэн төлөлт, хүү, түрээсийн асуудал гэж эх сурвалжууд мэдээлж буй. 

Тэгвэл өчигдөр болсон УОК-ийн хэвлэлийн хурлын үеэр “Арилжааны банкуудын зээлийн асуудлаар ямар санал яригдаж байгаа вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад, Шадар сайд Я.Содбаатар “Энэ талаар судалж байна. Сангийн яаман дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Иргэдийн зээл, түрээс, татварын асуудал яригдаж байна. Банкны зээл, түрээс, эдийн засгийн асуудлыг ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ” гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл энэ долоо хоногт Засгийн газраар хэлэлцэгдэх “бүх төрлийн зээл, түрээсийг хойшлуулах” асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан иргэдээс санал авч байгаа бололтой. Учир нь тэрээр дараах мэдэгдлийг гаргасан байна.

ТЭРЭЭР: 

Банкны бүх төрлийн зээл, түрээсийг хойшлуулах чиглэлийг Засгийн газраас өглөө. Засгийн газар хуралдаж хөл хориог 14 хоногоор сунгалаа. Үүнтэй холбоотой Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар бүрийн сайд нарт даалгавар өглөө. Сангийн сайдад банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах талаар үүрэг чиглэл өглөө.

Монголбанкны зүгээс өгсөн мэдээлэлд "Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.

Харин тухайн арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ" гэсэн юм. Та бүхэн бүх төрлийн зээл, түрээсийг хойшлуулах талаар Ерөнхий сайдын өгсөн чиглэл, Сангийн яам, Монгол банкинд хүргэх саналаа хуваалцана уу. Та бүхний саналыг нэгтгэж Засгийн газар, Монгол банкинд уламжилж ажиллана” гэжээ.