НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг маргааш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг маргааш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд нь олгож байгаа. Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөхөөр иргэдийг 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө “ebarimt” системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас удаа дараа сануулж байсан юм.

Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүү "2020 оны III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Иргэдийн “ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас ажлын долоо хоногт багтаан хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу явуулах журамтай байдаг. Энэ дагуу иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулан өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 20-нд Сангийн яам руу илгээсэн.

Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлдэг дараалалтай. Иргэд 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ebarimt системд бүртгүүлээгүй бол III улирлын буцаан олголт олгогдохгүй" гэв.

Сангийн яам "НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг маргаашаас буюу 2020 оны аравдугаар сарын 22-ноос  иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ" гэсэн мэдээллийг өглөө. 2020 оны II улиралд 37.9 тэрбум төгрөгийг 882,866 иргэнд олгожээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө