НАМЗХ-ны Удирдах зөвлөл хуралдаж Д.Амарбаясгалангаас өгсөн чиглэлийг хүлээж авчээ

НАМЗХ-ны Удирдах зөвлөл хуралдаж Д.Амарбаясгалангаас өгсөн чиглэлийг хүлээж авчээ

МАН-ын залуучуудын төв байгууллага НАМЗХ нь дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчөө шинээр сонгох дүрэмтэй. Энэ дагуу 2019 оны 06 сарын 22-ны өдөр НАМЗХ-ны Их хурал зохион байгуулагдах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хуралдаагүй байна. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан НАМЗХ-ны Их хурлыг энэ сарын 8-ны /2019.07.08/ өдрийн дотор хуралдуулах чиглэлийг өгсөн.

Энэ дагуу НАМЗХ-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намаас өгсөн чиглэлийг хүлээж авах шийдвэрийг гаргажээ. Удирдах зөвлөлийн хуралд ирвэл зохих 27 гишүүнээс 23 ирж хуралдаа оролцсон байна. Ингээд хуралдаанд суусан гишүүдийн 100 хувийн саналаар НАМЗХ-ны хурлыг энэ сарын 8-ны өдөр хуралдуулахаар болж Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг гаргасан байна.

Цаашлаад уг Их хуралдаанаар НАМЗХ-ны ерөнхийлөгч нь 35 хүртэлх насны хүн байна гэдэг намын их хурлаас гарсан дүрмийг НАМЗХ-ны дүрэмд оруулахаар болжээ. 

НАМЗХ-ны одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн бүрэн эрхтэй бөгөөд Г.Тэмүүлэн 2015.6.22-ны өдөр  тус албан тушаалд томилогдсон байдаг. Уг  бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сарын сүүлээр дууссан учир энэ сарын 8-ны өдөр зохион байгуулагдах Их хурлаар дараачийн Ерөнхийлөгчийг сонгох ажлыг зохион байгуулах шийдвэрийг гаргажээ.

НАМЗХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Н.Учрал, Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг нарыг өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа юм.

Гэхдээ УИХ-ын гишүүн Н.Учрал нь намын залуусын дэмжлэг сайтай байгаа гэх мэдээлэл бий.