Шинэ коронавирусийн халдвар гарч, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш иргэд болон албан байгууллагууд Улсын Онцгой комисст бэлэн болон бэлэн бусаар хандив өгч эхэлсэн.
Тус хандивын зарцуулалтыг ОБЕГ-ын албан ёсны сайтад олон нийтэд нээлттэй ил тод танилцуулж байсан ч дөрөвдүгээр сараас хойш хандивын зарцуулалтын жагсаалт шинэчлэгдээгүй байсан юм. Тэгвэл долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 281 ААН, байгууллага, 256 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 498 сая 298 мянга 450.63 төгрөг цугласнаас 2.5 тэрбумыг зарцуулжээ. Одоогоор үлдэгдэл нь 957 сая 488 мянга 445.63 төгрөг байгаа аж. Харин 112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал улсын онцгой комисст хандивласнаас 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тусламж хүссэн байгууллагуудад хуваарилжээ.
Мөн 3 аж ахуй нэгж байгуулдлаг 800 толгой хонь хандивласнаас 200-г нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд хандивласан байна. Одоогоор 60 хонь үлдсэн байна.
Уг мэдээллийг цаашид үргэлж шинэчилж байх ажээ.