Felix Veloure: Монголд косплэй урлагийг эерэгээр түгээхийн тулд контент бүтээж, өөрийн дэлгүүрийг нээсэн

Felix Veloure: Монголд косплэй урлагийг эерэгээр түгээхийн тулд контент бүтээж, өөрийн дэлгүүрийг нээсэн

Хүүхэд насандаа дэлгэцээр л хардаг байсан анимэ, тоглоомын дүрүүдээ бодит амьдрал дээр амилуулна гэдэг олон хүний хувьд боломжгүй зүйл. Харин косплэй сонирхогчдын хувьд энэ нь өөрийгөө илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, дуртай дүрийнхээ ертөнцөд түрхэн зуур амьдрах боломж юм. Монголд сүүлийн жилүүдэд косплэй соёл эрчимтэй хөгжиж, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна. Энэ удаа бид "Zootopia" хүүхэлдэйн киноны үнэг цагдаа Ник Уайлдын дүрээр хүрэлцэн ирсэн косплэйчин Felix-тэй ярилцаж, энэхүү сонирхол нь хэрхэн эхэлсэн, косплэй хийх нь түүний амьдралд ямар өөрчлөлт авчирсан талаар хөөрөлдлөө.

ВИДЕО: 

 

- Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. 

- Сайн байцгаана уу. Намайг Felix гэдэг. Би анимэ, тоглоом, манга зэрэг төрөл бүрийн дүрүүдийг косплэй хийдэг. Ихэвчлэн өөрийн дуртай, сонирхлыг минь татсан дүрүүдийг сонгож бүтээдэг.

- Косплэйг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

- Өсвөр насандаа YouTube болон сошиал сүлжээгээр косплэй үзэж эхэлсэн. Эхлээд анимэ маш их үздэг байсан. Дараа нь хүмүүс дуртай дүрдээ хувирч, яг тэр дүрийнхээ зан чанарыг хүртэл илэрхийлдэгийг хараад "Би ч бас хийж болох юм байна" гэж бодсон. Тэгээд судалж эхэлсээр 2022 онд анхны косплэйгээ хийсэн.

- Анхны косплэй нь ямар дүр байсан бол?

- Миний хамгийн анхны дүр бол "Genshin Impact" тоглоомын дүр байсан. Тухайн үед жаахан байсан болохоор аав, ээжээсээ зөвшөөрөл авах амаргүй байлаа. Гэхдээ эцэст нь зөвшөөрүүлээд хамгийн анхны косплэй хувцсаа авч байсан.

- Анимэ их үздэг байсан гэж ярилаа. Хамгийн анх үзэж байсан анимэ нь юу вэ?

- Хамгийн анх "My Hero Academia" анимэг үзэж байлаа. Баатар болохын төлөө мөрөөдлөө орхилгүй, маш их тэвчээр, хичээл зүтгэл гаргадаг хүүгийн тухай өгүүлдэг. Тэр дүрээс маш их урам авч, "Би ч гэсэн зорилгынхоо төлөө ингэж тууштай байх ёстой" гэж бодож байсан минь санаанд орлоо. 

- Өнөөдөр өмсөж ирсэн хувцсаа тайлбарлаж өгөөч? 

- Өнөөдөр би "Zootopia" киноны Ник Уайлдын дүрээр ирсэн. Ник бол туулай цагдаа Жүди Хоппсын хамтрагч үнэг. Энэ дүрийг сонгосон шалтгаан нь хүүхэд, том хүн гэлтгүй бараг бүгд таньдаг, их хөгжилтэй, овжин мөртлөө шударга зан чанартай дүр болохоор. Хувцаснаас гадна хиймэл үс, үнэгний чих, сүүл, нүүр будалт зэрэг бүх деталиа бүрдүүлж, аль болох кинон дээрх дүртэй нь адилхан харагдахыг зорьсон. Косплэй бол зөвхөн хувцас өмсөх биш, тухайн дүрийнхээ зан чанар, хөдөлгөөн, илэрхийллийг хүртэл гаргахыг хичээдэг урлаг гэж боддог юм. 

- Энэ хувцсыг хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

- Толгойны маск, сүүл, үс, нүүр будалт гээд бүх зүйлээ нийлүүлээд хэдэн долоо хоног бэлдсэн. Аль болох кинон дээрх дүртэй нь ижил харагдуулахыг зорьсон л доо. Тэгж харагдаж байгаа гэж найдаж байна./инээв/ 

- Косплэй хийхэд ер нь хэр их зардал гардаг вэ?

- Зардал ер нь л их гардаг шүү. Миний анхны косплэй бараг 300 мянган төгрөг болсон. Ер нь косплэй бол хэрэглэл, хиймэл үс, нүүр будалт гээд нэлээд зардалтай хобби. Гэхдээ Монголд зохиогддог эвентүүдэд тэмцээн, уралдаан байдаг. Би тогтмол оролцдог бөгөөд 100 мянган төгрөгөөс дээш мөнгөн шагнал авах үе ч бий.

- Косплэй таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?

- Би өмнө нь их дуугүй хүүхэд байсан. Харин косплэй хийж эхэлснээс хойш хүмүүстэй харилцах харилцаа маань эрс сайжирсан. Өөрийгөө илүү нээлттэй илэрхийлдэг болж, олон нийтийн газар хэрхэн зөв боловсон харилцахыг ч сурсан.

- Монголд косплэй соёл хэрхэн өөрчлөгдөж байна гэж боддог вэ?

- Би 2022 онд эхэлж байхад хүмүүс косплэйг төдийлөн ойлгодоггүй, шүүмжлэх нь их байсан. Харин сүүлийн жилүүдэд эвентүүд олширч, хүмүүсийн ойлголт ч өөрчлөгдөж байна. Одоо олон хүн "Ямар гоё хувирчихсан юм бэ, хамт зураг авхуулъя" гэж ирдэг болсон.

- Сөрөг хандлага байдаг уу?

- Байдаг. Гэхдээ ихэвчлэн сошиал сүлжээгээр. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн цаана ихэнхдээ бага насны хүүхдүүд байдаг болохоор нэг их эмзэглээд байдаггүй. Гэхдээ хүүхдүүд ийм сөрөг хандлагатай байдагт заримдаа эмзэглэдэг юм. 

- Цаашдын зорилго тань юу вэ?

- Косплэйгээ илүү хөгжүүлэхийг хүсдэг. Тийм болохоор өөрийн косплэйн хэрэгслийн дэлгүүрээ хүртэл нээсэн. Хүн үнэхээр дуртай зүйлээ хийж байгаа үедээ өөрийгөө хамгийн их дайчилж чаддаг. Миний хувьд косплэй бол яг тэр зүйл. Энэ хоббигоороо хичээллэснээр өөрийгөө аз жаргалтай хүн болсон гэж боддог. Би бас косплэй хийхийнээ хажуугаар Олон улсын харилцаагаар сурна гэж бодож байгаа. 

- Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө