Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол 80 настай буурлаас эхлээд дөнгөж төрсөн нярай хүртэл хүн бүрийн баяр гэж хэлэхэд хилсдэхгүй.
Гэвч энэ жилийн баярын өмнөх өдрүүд хүүхэдтэй холбоотой эмгэнэлт хэргүүдээр эхэлсэн нь олон нийтийн сэтгэлийг тавгүйтүүлсэн. Тодруулбал, сүүлийн хэдхэн хоногийн хугацаанд 15 настай хүүхэд ажил хийж байхдаа барилгын нурангид дарагдан амиа алдсан, 13 настай хүүхэд хогийн цэгийн шороонд дарагдаж нас барсан, мөн гурван настай хүүхэд уурхайн өрөмдлөгийн цооногт унаж амь эрсэдсэн харамсалтай хэргүүд ар араасаа гарсан билээ. Үүнээс үүдэн иргэд цахим сүлжээнд хүүхдийн баяр тэмдэглэхгүй байх санаачилга хүртэл гаргаад амжсан юм.
Харин өчигдөр /2026.06.01/ төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд баярын мэндчилгээ дэвшүүлэн хүүхдийн эрх, хөгжил хамгааллыг онцолдог уламжлал алдагдаж тоотой хэдэн гишүүн, дарга нар баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уламжлал ёсоор Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй уулзсан бол Ерөнхий сайд Н.Учрал, Хотын дарга Б.Пүрэвдагва болон зарим гишүүн хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлж, ерөнхийдөө "даруухан" баярлаж өнгөрөөлөө.