ШУУРХАЙ: Шүүгчдийн зөвлөгөөнийг маргааш хийж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: Шүүгчдийн зөвлөгөөнийг маргааш хийж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэхээр болжээ

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2026.06.02/ дуусаж байгаа билээ. 

Тодруулбал, одоогоос зургаан жилийн өмнө /2020.06.02/ тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилж байсан юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно" гэж заасан. Тэгвэл тус хуулийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2026.06.02/ дуусаж байгаа юм. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Шүүгчдийн зөвлөгөөнийг маргааш хийж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодотговол 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудал"-ыг 2026 оны зургаадугаар сарын 03-ны өдөр хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн байна. Дээрх саналыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүгчдийн зөвлөгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 03-ны өдөр товложээ.

Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин томилох боломжтой эсэхтэй холбоотой маргааныг хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргасан байдаг.

Тодруулбал, 2021 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Харин иргэн уг заалтын “...зөвхөн нэг удаа...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн, “...зөвхөн нэг удаа...” гэх зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох эцсийн шийдвэр гаргасан байна. Ингэснээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар дахин томилох эрх зүйн боломж бүрдэж байгаа юм.

Цэцийн тайлбарласнаар, 2016 онд Үндсэн хуулийн цэц “нэг удаа томилно” гэсэн өмнөх зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байсан бөгөөд Улсын Их Хурал тухайн үед уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуулиас хасаж байжээ. Харин 2021 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль-д “...зөвхөн нэг удаа...” гэсэн агуулгыг дахин тусгасан нь өмнө хүчингүй болсон зохицуулалтыг сэргээсэнтэй адил гэж Цэц дүгнэсэн байна. Мөн өмнө нь хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин хуульчилсан нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байх Үндсэн хуулийн зарчимд харшилсан гэж үзсэн байдаг. Товчхондоо, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин томилогдох боломж бүрдсэн юм. Харин маргааш болох Шүүгчдийн зөвлөгөөнөөр Д.Ганзоригийг улираан томилох эсэх асуудал эцэслэгдэх аж.