Хятад иргэн Монгол Улсын иргэдтэй бүлэглэн улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газраас тэсэрч дэлбэрэх бодис ашиглан ногоон хаш олборлож байсан хэргийг Тагнуулын байгууллага зэрэг хууль хяналтын байгууллагынхан илрүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хятадын иргэн Монгол Улсын нэр бүхий иргэдтэй бүлэглэн Зил-130 автомашин, цасны мотоцикл зэргийг ашиглан Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд байрлах Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газар руу хууль бусаар нэвтэрч, улмаар улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын "Бяран" уулнаас ногоон хаш олборлож байсан байна.
Тэд нэлээд олон хоногийн өмнө тус байгалийн цогцолборт газар руу нэвтэрч, улмаар тэсэрч дэлбэрэх бодис ашиглан уулыг дэлбэлж, ногоон хаш олборлож байхад нь Тагнуулын байгууллагынхан өчигдөр /2026.05.14/ илрүүлсэн байгаа юм. Улмаар тухайн этгээдүүдийг уулнаас буулган, цагдан хорьж, шалгаж эхлээд байгаа аж.
-ХЯТАД ИРГЭН БУСАДТАЙ БҮЛЭГЛЭН "БЯРАН" УУЛЫГ ДЭЛБЭЛСЭН ХЭРЭГТ ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА, ХИЛИЙНХЭН ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-
Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар руу тухайн этгээдүүд нэвтэрч, ногоон хаш чулуу олборлож байсан хэрэгт Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга н.Идэрмөнх, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд дахь дугаар заставын удирдлагууд холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг нутгийн иргэд хууль хяналтын байгууллагынханд өгсөн байна.

Учир нь Хятадын иргэн болон манай улсын нэр бүхий иргэд тухайн газар руу өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр нэвтэрсэн байх талтай байхад Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан энэ сарын 04-ний /2026.05.04/ өдөр гэхэд "Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Хилийн цэргийн дугаар заставын албан хаагчид ганцаарчилсан болон хамтарсан хяналтаар Тэнгисийн эх-Их олом-Бүргэдтэй чиглэлд ул мөр шалгаж, хууль бус зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Зөрчлийн шинжтэй ул мөргүй байна. Гол ус задгайрч тайгын цас хайлсан учир усны түвшин их үертэй машин техник явах боломжгүй байна" гэх мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байжээ.
Магадгүй тэд үүгээрээ хууль бус ашигт малтмал олборлож байсан иргэдийг хамгаалж байсан уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Нөгөөтээгүүр, Улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт газар руу арав орчим иргэн хоёр Зил-130 автомашин, цасны мотоцикл нэвтэрсэн байхад байгаль хамгаалагч, хилийн заставынхан мэдэхгүй, ул мөрийг нь илрүүлээгүй байгаа нь анхаарал татаж байгаа аж. Ямартай ч Хятад иргэн Монгол Улсын иргэдтэй бүлэглэн хууль бусаар Улсын тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газраас хууль бусаар ногоон хаш олборлож байсан хэргийг Тагнуулын байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
