СУРВАЛЖИЛГА: 2025 оны байдлаар нойргүй болон эрүүл мэндийн асуудалтай байхдаа жолоо барьж хөдөлгөөнд оролцсоны улмаас 70 гаруй зам тээврийн осол гарчээ

СУРВАЛЖИЛГА: 2025 оны байдлаар нойргүй болон эрүүл мэндийн асуудалтай байхдаа жолоо барьж хөдөлгөөнд оролцсоны улмаас 70 гаруй зам тээврийн осол гарчээ

Уншигч та бүхэн санаж байгаа бол саяхан Лумино хамтлагийн дуучин Бажи буюу Батхишшг нь эрүүл мэндийн асуудалтай байхдаа жолоо барьж явахдаа ухаан балартаж, бие нь муудсанаар ноцтой осол гаргасан байдаг. Хүмүүс ихэвчлэн согтуу, мансуурсан, туршлагагүй жолооч нар зам тээврийн осол гаргадаг гэж боддог ч бодит байдал дээр нойргүй болон, эрүүл мэндийн асуудалтай байхдаа жолоо барьснаас болж гарсан зам тээврийн осол маш ихээр бүртгэгддэг байна.

ВИДЕО:

-ЖОЛООЧ НОЙРМОГ, ЯДАРЧ СУЛЬДАХ, ӨВЧНИЙ УЛМААС АНХААРАЛ ТӨВЛӨРӨХ ЧАДВАР БУУРСАН ТОХИОЛДОЛД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОДОГ-

2025 оны байдлаар нойргүй, биеийн болон сэтгэцийн хувьд жолоо барих чадамжгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй 70 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Энэ нь зөвхөн анхаарал болгоомжгүй байдал биш, харин хууль, дүрмийг зөрчсөн үйлдэл гэдгийг албаныхан онцолж байна.

ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамр “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь эрүүл мэндийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох чадвартай байхыг заасан байдаг. Тодруулбал, жолооч нойрмог, ядарч сульдах, өвчний улмаас анхаарал төвлөрөх чадвар буурсан тохиолдолд хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Гэвч бодит байдал дээр жолооч нар “ойрхон юм чин зүгээр”, “гайгүй байлгүй дээ” гэх хандлагаар өөрсдийн биеийн байдлыг үл ойшоон замын хөдөлгөөнд оролцсоноос болж зам тээврийн осол ихээр гаргаж байгаа нь харамсалтай.

2025 оны байдлаар 24574 зэм тээврийн осол бүртгэгдсэний 71 нь хэт ядарсан болон, биеийн байдал нь жолоо барих шаардлага хангаагүй үедээ жолоо барьж явснаас үүдсэн байдаг. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын А дахь заалтад “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, хэт ядарсан үедээ хориглоно гэсэн заалт байдаг.

Харамсалтай нь үүнийг жолооч иргэд баримтлахгүй байна. Жолооч гэдэг хүн замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах ёстой” гэлээ.

Харин зарим жолооч нар “Холд замд явах үед урд явж байгаа машин замаас гарах, хоёр тал руугаа дайжиж явах зэрэг зүйлс маш ихээр анзаарагддаг. Тэр үед хажуугаар нь өнгөрөөхдөө унтаж байвал сэрээх гэж оролдоод сигналдаад л өнгөрдөг. Харин урдаас гэнэт тийм машин гарч ирэх тохиолдол үнэхээр эрсдэлтэй байдаг. Жолоо ч нь согтуу юм уу, нойрмог юм уу, өвчтэй юм уу бид нар мэдэхгүй шүү дээ. Хэрвээ эрүүл мэндийн асуудалтай бол тухайн жолооч өөрийгөө хянахгүй бол цагдаа хүртэл тэр хүнийг шууд хянах боломжгүй. Тиймээс жолооч нар ариуцлагатай, сэргэг байж, өөрийгөө ч, өрөөлийг ч, эд хөрөнгөө хохироохгүй байх хэрэгтэй” гэсэн юм.

-ДАРАЛТ ИХСЭХ, ЗҮРХ СУДАСНЫ ЭМГЭГ, НОЙРНЫ ЭМГЭГ ЗЭРЭГ НЬ ЖОЛООДОХ ЧАДВАРТ ШУУД НӨЛӨӨЛДӨГ-

Зарим тохилдолд “микро унталт” буюу хэдхэн секундын хугацаанд ухаан алдах үзэгдэл түгээмэл тохиолддог бөгөөд энэ нь өндөр хурдтай хөдөлгөөнд ноцтой осол дагуулдаг аж.

Судалгаанаас үзэхэд 17-оос дээш цаг нойргүй явсан хүний анхаарал, хариу үйлдэл нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй адил түвшинд хүрдэг байна. Харин 24 цаг нойргүй байх нь бүр жолоо барихыг хориглох хэмжээнээс давсан нөлөө үзүүлдэг гэсэн ДЭМБ-н судалгаач байгаа юм.

Зам тээврийн ослын шалтгааныг задлан үзвэл нойргүй, эрүүл мэндийн асуудалтай холбоотой ослуудын дийлэнх нь:

  • Шөнийн цагаар,
  • Урт замд тасралтгүй явсны дараа,
  • Хөдөө орон нутгийн шулуун замд гарсан байна.

Мөн даралт ихсэх, зүрх судасны эмгэг, нойрны эмгэг зэрэг нь жолоодох чадварт шууд нөлөөлдөг бөгөөд эмчийн зааврыг үл тоон жолоо барьсан тохиолдолд эрсдэл нэмэгддэг аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар жолооч бүр тээврийн хэрэгсэл жолоодохын өмнө зөвхөн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахаас гадна өөрийн биеийн байдлыг үнэлэх шаардлагатай. Ядарсан, нойр хүрсэн, эсвэл өвчтэй үед жолооны ард суухгүй байх нь ослоос урьдчилан сэргийлэх хамгийн энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолж байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг нь зөвхөн дүрэм мөрдөхөөс гадна жолоочийн ухамсар, хариуцлагаас шууд хамаардаг. “Зүгээр байх” гэсэн найдлага бус, “аюулгүй байх” гэсэн шийдвэр л хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж чадна гэдгийг жолооч та үргэлж санах хэрэгтэй.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө