Д.Амарбаясгалан хилийн хоригоо өөрчлүүлэхээр шүүхэд дахин хандсан ч, "Хориг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй" хэмээн хүлээж авсангүй

Д.Амарбаясгалан хилийн хоригоо өөрчлүүлэхээр шүүхэд дахин хандсан ч, "Хориг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй" хэмээн хүлээж авсангүй

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч, шүүх түүний гомдлыг хүлээж аваагүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар дахин шүүхэд хандаад тусыг эс олжээ. 

Тодруулбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Харин тэрбээр энэхүү таслан сэргийлэх арга хэмжээгээ цуцлуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ч шүүх түүний гомдлыг хүлээж аваагүй юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нь дахин хилийн хоригоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан байна. 

Тодруулбал,  тэрбээр  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр энэ сарын 10-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх түүний хүсэлтийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хэлэлцээд түүний "Хилийн хоригийг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй" хэмээн үзэж, хилийн хоригийг нь цуцлаагүй байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүхийн энэхүү шийдвэрийг Д.Амарбаясгалан болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид мөн гомдол гаргаад байгаа юм байна. Харин шүүх түүний гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг дээрх авлига албан тушаалын хэрэгт холбоотойгоор МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэдгийг тус намын дарга Н.Учрал мэдэгдэж, улмаар уг хүсэлтээ Хяналтын хороондоо гаргаж, "хасах" эсэх процессыг эхлүүлээд байгаа гэдэг. Харин Говь-Алтай аймгийн МАН-ын хороо Д.Амарбаясгаланг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлыг эргэн харах хүсэлтийг намын дарга болон хяналтын хороондоо уламжилсан гэх мэдээлэл бий.