УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны /2026.03.23/ өдөр болохоор товлогдоод байсан ч шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хойшилсон байдаг.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 13-ны 10.00 цагт болох юм байна.
Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлогдсон байдаг юм.