Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "хүүгийнхээ орлогыг нотолсон" гэж байгаа ч "Херо"-ийн олсон орлого нь хууль ёсны эсэхийг АТГ-аас шалгаж байна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "хүүгийнхээ орлогыг нотолсон" гэж байгаа ч "Херо"-ийн олсон орлого нь хууль ёсны эсэхийг АТГ-аас шалгаж байна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн үнэтэй бэлгүүд олны анхаарлыг татаж, ихээхэн шүүмжлэл дагуулсан хэрэг өнгөрөн хавар болсон. Эл асуудалтай холбогдуулан иргэд, залуус "Орлогоо нотлохыг шаардаж огцрох амархан" жагсаалыг зохион байгуулсан. Мөн Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүг "Орлогоо нотлох"-ыг шаардаж, АТГ-т хандсан байдаг. 

Улмаар "Херо энтертайнмэнт групп" ХХК-иас Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнд 300 сая төгрөг өгсөн болох нь санхүүгийн баримтуудаар нотлогдсон гэж АТГ мэдээлсэн. Харин өчигдөр /2026.03.11/ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэр энэ талаар анх удаа "ам нээлээ". Тодруулбал, "Та орлогоо нотолж чадсан уу" гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр, "Чадсан. 14 хоногийн дотор орлогыг маань нотолсон бичиг ирэх хангалттай хугацаа байсан ч удсан. Авлигатай тэмцэх газар шалгалт хийж, хүүтэй маань холбоотой мөнгөний эх үүсвэрийг хууль ёсны гэж тогтоосон. Надаас мөнгө авсан зүйл байхгүй. Өөрөө олсон. Бөгж авч өгсөн нь үнэн. Цүнх, хувцас, машиныг авч өгөөгүй. Херо энтертаймэнт студийн 50 хувийг би эзэмшдэг. Түүний өдөр тутмын үйл ажиллагааг манай хүү хариуцдаг байсан" гэх мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл АТГ-ын гаргасан албан мэдээллээр, "Херо энтертайнмэнт групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Баатар нь тус компанийн орлогоос иргэн О.Тэмүүлэнд 2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 150 сая төгрөг, гуравдугаар сарын 16-ны өдөр 80 сая төгрөг, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 70 сая төгрөг буюу нийт 300 сая төгрөгийг өгсөн болох нь санхүүгийн баримтууд, холбогдох этгээдүүдийн тайлбараар нотлогдсон бөгөөд "Mercedes maybach", "Lexus RX450" загварын автомашинуудыг О.Тэмүүлэн найз охиндоо бэлэглээгүй бөгөөд Ө.Өгөөмөрийн аав нь бэлэглэсэн. Сүйн бөгж, Сингапурын аялал, "Seven nuga" амралтын газар амарсан нь "Херо энтертаймэнт"-аас О.Тэмүүлэнд шилжүүлсэн гэх 300 сая төгрөгийн эх үүсвэрээр нотлогдсон. О.Тэмүүлэн нь "найз охины хамт нисдэг тэргээр зорчсон" гэх асуудлыг шалгахад "Херо энтертайнмэнт групп" ХХК нь уран сайхны олон ангит киноны ложистик, зураг авалтын обьектыг судлах ажлын хүрээнд Булган аймагт ажиллахаар "Альфа аврора Эвиэйшн" ХХК-тай 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр байгуулсан "Захиалгат нислэгийн гэрээ"-ний дагуу Улаанбаатар хотоос нислэг үйлдэгдсэн бөгөөд уг нислэгийн багт иргэн О.Тэмүүлэн, Ө.Өгөөмөр нар хамт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон" гэж мэдээлсэн.

Тэгвэл "Хүлэг контент" ХХК, "Херо энтертаймэнт" групп болон захирал Б.Б иргэн А.А нарт холбогдох асуудалд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Өөрөөр хэлбэл АТГ-аас гаргасан мэдээллийн дагуу О.Тэмүүлэнд шилжүүлсэн гэх 300 сая төгрөгийн эх үүсвэр нь хууль ёсны биш байж магадгүй гэж үзээд шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа юм.