Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар 2025 оны 02 дугаар сарын 03-нд тавдугаар цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж, 300 МВт-ын хүчин чадалтай уг станцыг 2028 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Энэ үеэр хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх 34 МВт-ын хүчин чадалтай, Морингийн даваанд баригдах байсан дулааны цахилгаан станцын (ДЦС) төсөл шүүхийн шатанд “гацсан” хэвээр байгааг хотын дарга хэлсэн юм.
Уг төслийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон “Нааново Грин Энержи Монголиа” ХХК шүүхэд хандсанаар тендерт шалгарсан БНХАУ-ын хөрөнгө оруулагч тал төслөөс татгалзсан бөгөөд үүний улмаас уг төсөл шүүх дээр гацсан хэвээр байгаа гэсэн юм. Тэгвэл “Нааново грин энержи Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбилэгтэй ярилцлаа.
ВИДЕО:
“БНХАУ-ЫН СЫЧУАНЬ ЭНЕРЖИ КОМПАНИТАЙ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ЯМАР Ч ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ НЬ ТОГТООГДСОН”
– Юуны өмнө урилга хүлээн авсанд баярлалаа. Хотын даргын мэдэгдэлтэй холбоотойгоор таныг “Бодь” групптэй хамааралтай, улмаар төслийг гацаасан мэт ойлголт нийгэмд үүсээд байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
– Өнөөдрийн байдлаар би “Бодь” групптэй ямар ч холбоогүй. “Бодь” групп бол олон нийтэд танигдсан бизнесмен Л.Баясгалангийн компани. Харин олон жилийн өмнө миний ах Л.Болдтой хамт үүсгэн байгуулж байсан. Гэхдээ сүүлд нь тус тусын замаа хөөсөн. Өнөөдрийн байдлаар манай компани болон миний бие “Бодь” групптэй ямар ч холбоо байхгүй.

– Харин танай компанид 15 МВт-ын хүчин чадал гаргах ёстой гэсэн шаардлага тавьснаас болж төсөл гацаанд орсон гэх асуудал яригдаж байна. Энэ үнэн үү?
– Анх энэ төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сонгон шалгаруулалтаар явсан. Техникийн шаардлагад 35 МВт гэж тусгасан байсан ч энэ бол зүгээр хүсээд захиалчихдаг тоо биш.
Эрчим хүчний хүчин чадал гэдэг тухайн хотын хог хаягдлын хэмжээ, бүтэц, илчлэг дээр суурилж, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогддог. Манай компани энэ төслийг 2018 оноос судалж эхэлсэн. Тухайн үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн хог хаягдлын бүтцийн судалгаанд үндэслээд 14–15 МВт-ын хүчин чадал бодитой гэж манай инженерүүд дүгнэсэн.
Үүний дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж байсан. Монголд хог хаягдлын бүтцийн судалгаа олон улсын жишгээр бол таван жил тутам заавал хийгдэх ёстой. Гэтэл ийм судалгаа өмнө нь огт хийгдээгүй. Тиймээс бид өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы “XR” байгууллагатай хамтран Монгол Улсад анхны иж бүрэн хог хаягдлын бүтцийн судалгааг хийлгэсэн. Японы болон олон улсын инженерүүд “35 МВт гэдгийг судалгаагүйгээр тогтоох боломжгүй, эхлээд бодит дата хэрэгтэй” гэдгийг маш тодорхой хэлсэн. Хэрвээ бид судалгаагүйгээр 35 МВт гэж амлаад, дараа нь бодит байдал дээр хог хүрэлцэхгүй бол Монгол Улсад худал мэдээлэл өгсөн болж таарна.
– Үүнтэй холбоотойгоор та бүхэн шүүхэд хандсан. Одоогийн байдлаар хэрэг ямар шатандаа явж байна вэ?
– Манай компани төр, хувийн хэвшлийн түншлэлийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор Нийслэлийн захирагчийн алба буюу “Улаанбаатар түншлэл” компанийг захиргааны шүүхэд өгсөн. Бид энэ төслийг “заавал манайхаар хийлгэ” гэж шаардаагүй. Сонгон шалгаруулалтын явцад хууль илт зөрчсөн гэж үзсэн учраас л эрхээ хамгаалж шүүхэд хандсан. Хотын дарга уг гацсан гээд буй төслийг өнөөдөр ч хэрэгжүүлэх эрх нь өөрт нь бий. Гэтэл Ерөнхий сайдад илт худал мэдээлэл өгөөд байна. Хариуцагч тал шүүхийн явцад цаг хожих тактик хэрэглэж байна. Шүүхийн явцад нэг сонирхолтой зүйл тогтоогдсон. Нөгөө талын ярьж буй Хятадын “Сычуань Энержи” компанитай ямар ч хүчин төгөлдөр гэрээ хийгдээгүй байсан. Гэтэл заавал гуравдагч этгээдээр оролцуулах гэж оролдож байгаа нь ойлгомжгүй санагдаж байна. Энэ нь хоёр улсын Гадаад харилцааны яамаар дамжих, маш их цаг хугацаа шаардсан ажил.
"ХОТЫН ДАРГА УГ ГАЦСАН ГЭЭД БУЙ ТӨСЛИЙГ ӨНӨӨДӨР Ч ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ НЬ ӨӨРТ НЬ БИЙ"

– Та өмнө нь танай компанийг амралтын өдрүүдээр гэнэт хассан гэж мэдэгдэж байсан. Яг ямар үндэслэлээр хассан юм бэ?
– Манай компани тендерт оролцох материалаа тав дахь өдөр өгсөн. Ингээд хоёр амралтын өдөр хуралдаж, даваа гарагт дуудаж, манай компанийг хассан гэх хоёр үндэслэлийг тайлбарласан. Нэгдүгээрт, “танайх тарифын санал өгөөгүй” гэсэн. Энэ бол худал. Монгол Улсад эрчим хүчний тарифыг баталдаг ганц байгууллага бий. Тэр нь Эрчим хүчний зохицуулах хороо. Бид хуульд заасны дагуу батлагдсан тарифаа өгсөн. Үүнийг давсан тариф өгөх боломжгүй. Хоёрдугаарт, “хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлоогүй” гэсэн. Гэтэл хогны бүтцийн судалгаа хийгдээгүй, технологи тодорхой болоогүй байхад хөрөнгө оруулалтын дүн хэлэх боломжгүй. Бид 2018 оны тооцоогоор 80–90 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж өгсөн. Гэтэл өөрсдийн зохиосон журамд нийцээгүй гэдэг үндэслэлээр хоёрхон хоногийн дотор хассан.
"ХОГНЫ БҮТЦИЙН СУДАЛГАА ХИЙГДЭЭГҮЙ, ТЕХНОЛОГИ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮН ШААРДСАН"
– Хотын даргын зүгээс таныг улс төржиж, хөгжлийн төслийг гацаасан гэх байр суурь илэрхийлсэн. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
– Би үүнийг үнэхээр ойлгохгүй байна. Иргэн, аж ахуйн нэгж хууль ёсны дагуу шүүхэд хандмагц “хөгжлийн гацаагч” болдог байж болох уу. Харин төр өөрөө хууль зөрчсөн гэж аж ахуйн нэгжийг цоллохоор “улсын баатар” болдог. Бид ч бас эрхтэй. Сүүлийн найман жил Монголд хогноос эрчим хүч гаргах төсөл дээр тууштай явсан ганцхан байгууллага бий. Тусгай зөвшөөрөл нь ч ганцхан. Тэр нь манайх. Би төслийг гацаагаагүй, харин хууль ёсыг шаардаж байна.
– Өдөрт 1500 тонн ахуйн хог шатааж 34 МВт эрчим хүч гаргана гэсэн тоо бодитой юу?
– Хогны хэмжээ хангалттай. Нийт хогийн 30–40 хувийг шатааж эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Гэхдээ гол асуудал нь илчлэг хүрэх үү гэдгийг судлаагүй байгаа явдал. Илчлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоохгүйгээр мегаваттаар амлах боломжгүй.

"ӨРСӨЛДӨХ БОЛОМЖИЙГ ШУДАРГААР, ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХ ЁСТОЙ"
– Ер нь Монголд хувийн хэвшил ийм том төсөл хэрэгжүүлэхэд орчин нөхцөл хэр байна вэ?
– Маш хэцүү. “UB Cab” компанийн үүсгэн байгуулагч залууг яаж доромжилж байсныг бид харсан. Манайх ч мөн дурдагдаж байсан. Нэг жишээ татъя. “Хотула” гэдэг аппликейшнийг нийслэл заавал шинээр хийх шаардлагагүй. “Гэрэгэ” систем хийж чадна гэдгээ илэрхийлсэн. Гэтэл асар их хэмжээний татвар төлөгчдийн мөнгөөр дахин “Хотула” аппликейшн хийх шаардлагагүй шүү дээ. Миний хувь хүний үзэл баримтлалын хувьд БНХАУ-ын компаниудын эсрэг ямар ч зүйл байхгүй. Харин нийслэлийн удирдлагууд БНХАУ-ын стандарт баталснаар олон улсын компани оролцох боломжгүй болж байна. Япон, Солонгос, Европын компаниуд “бид олон улсын стандарт дагадаг. Хятадын стандарт дагадаггүй” гэдэг байр суурь илэрхийлж, “оролцох боломжгүй” гээд буцаж байна. Өрсөлдөх боломжийг шударгаар, олон улсын стандартын дагуу нээлттэй байлгах ёстой.
– Хотын даргатай таны хооронд хувийн өс хонзон, зөрчил байгаа юм биш биз гэсэн хардлага нийгэмд байна. Үүнд та юу хэлэх вэ?
– Тийм зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ. Х.Нямбаатар дарга “энэ хүн үнэхээр энэ төслийн төлөө олон жил зүтгэж ирсэн. Энэ төсөл явах ёстой” гэж манай холбооны өмнө хэлж байсан. Тэр үед манай төсөл нар үзэх нь гэж би чин сэтгэлээсээ баярлаж байсан. Харин 2024 оны сонгуулийн дараа, нийслэлийн удирдлагууд Хятадад болсон хэд хэдэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд оролцсоноос хойш нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн. Үүнээс хойш л энэ төслийн асуудал 180 градус эргэсэн мэт санагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
