Энэ удаагийн “Сошиал ID” буланд Биологийн ухааны доктор, ургамал судлаач Д.Оюумааг урилаа. Тэрээр 2023 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд байх бүх ургамлын судалгааг эхлүүлжээ. Ингээд дэлхийд байхгүй шинэ төрлийн ургамал нээн илрүүлж, өөрийнхөө нэрээр нэрлүүлээд байгаа юм. Товчхондоо, "Оюумаагийн Ортууз" хэмээх зөвхөн Хөвсгөлийн Цагаан-Уул суманд байх нь.
ВИДЕО:
-Та уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Намайг Оюумаа гэдэг. Би Хөвсгөл аймгаас ирсэн. “Хөвсгөл далай ээж” нийгэмлэг ТББ-ын тэргүүн. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд байгаль орчин хамгаалах, ургамал судлах, иргэний нийгмийн чиглэлд ажилласан хүн байна.

-Өөрийнхөө нэрээр нэрлэсэн шинэ ургамлынхаа талаар. Хэзээнээс судалгаагаа эхлүүлж байв.
-Би МУИС-д ургамал судлаач мэргэжил эзэмшсэн. Тэгээд л насаараа ургамлын чиглэлээр судалгаа хийгээд явж байгаа. Харин энэ ургамлын судалгааны хувьд 2023 онд эхэлсэн. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын удирдлагууд нийт бэлчээр болон ургамлын судалгаа хийх захиалгыг надад өгсөн. Тэр судалгааг хийх явцдаа нэгэн сонирхолтой шинэ ургамал олсон. Тэгээд зургийг нь аваад нөгөө МУИС-руу ирүүлсэн юм. Тэгээд их сургуулийн судлаачид болон ангилал зүйч нар шалгаж үзээд энэ ургамал дэлхийд байхгүй шинэ төрлийн ургамал байна гэж үзсэн. Улмаар олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн. Тэгээд хэрхэн нэр өгөх вэ гэх асуудал үүссэн. Ихэвчлэн судлаачид нэрээ өгдөг хандлага байдаг. Тэгээд тэр хүмүүс тогтоод “Бид Оюумаа гэж нэр өгөхөөр бодож байна. Та нар зөвшөөрөх үү” гэж асуусан юм. Тэгээд би ургамлаа нэрээрээ нэрлүүлсэн юм.

-Тэр шинэ ургамлын онцлог юу вэ?
-Тус ургамал бол “Ортууз” гэдэг ургамлын төрөл зүйл. Ортууз ургамлын төрөл зүйл дэлхий дээр зургаан зуу орчим төрөл байдаг. Тэр дундаас Монголоос 80 орчим төрөл зүйл нь олдоод байна. Харин энэ олсон ургамал бол зөвхөн Монголоос олдоно гэдгээрээ яах араггүй онцлог. Ортуузын төрлийн ургамал нь буурцагт ургамал гэж үздэг. Энэ төрлийн ургамлын гол онцлог нь үндсэндээ байдаг. Хөрсөө бордоод байдаг ургамал. Ямар нэгэн байдлаар бэлчээр доройтчихсон газар ургалаа гэхэд азот ялгаруулаад хөрсөө бордоод байдаг ашигтай ургамал юм. Мөн маш их уураг агуулдаг. Ер нь маш ашигтай ургамал юм.

-Монгол ургамал судлаачдын туршлага, мэдлэг, ур чадвар ер нь дэлхий дахинтай эн тэнцүү хөгжиж байна уу. Ямар байна хэмээн дүгнэдэг вэ?
-Тахийг Николай Михайлович Прежвалский гэдэг хүн нээж өөрийнхөө нэрээр нэрлэсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэгээд Монголд ангилал зүйн салбараар ороод нэрээ өгчихсөн судлаачид бий. Судлаач н.Санчир, н.Өлзийхутаг, н.Оюунцэцэг, Г.Удвал нарыг энд дурдаж болно. Гэхдээ насаараа ингэж ажилласан ч бас нэрээрээ нэрлүүлчихсэн хүн нь бол цөөн. Тэр дотроос орон нутагт ажилладаг хувь судлаач хүний хувьд их азтай тохиолдол гэж бодож байгаа. Олон улсын сэтгүүлд хэвлүүлснээр, мөн түүнээс хэр эшлэл авснаар судлаачдын чансааг тогтоодог. Энэ тал дээр манай Монгол улсын судлаачид маш их хэвлүүлдэг. Энэ бол дэлхийд чансаатай гэдгийг батлах байх. Гэхдээ манайхан түүнийгээ ерөөсөө нийтэд дэлгэдэггүй. Мөн хэвлүүлэхээс гадна хүн ашигладаг байх ёстой гэж боддог. Тийм учраас би дандаа амьдралд ашиглаж, хэрэглэж болох тал руу нь юм хийдэг.
-Монголд ургаж байгаа ургамлын онцлог юу вэ?
-Азийн өндөрлөг, маш хуурай, сэрүүн дөрвөн улиралтай газар ургаж байна гэсэн үг. Тэгэхээр тэндээ тааруулаад ургамал ургалтын хугацаа нь бүс нутагтаа өөр. Тухайлбал, Хөвсгөл аймагт бол ургамал ургах хугацаа нь 90 хоног байдаг. Тэгээд наашаагаа газар тариалангийн бүс рүүгээ 120 хоног болдог бол говь руугаа 150 хоног ургаж байна шүү дээ. Дэлхийн бусад улс оронд ургамлууд тасралтгүй ногоон байдаг. Тэгэхээр энэ хугацаанд амжиж ургахын тулд маш хүчтэй бодисын солилцоо явуулдаг. Ялангуяа ургамал ургах хугацаа богино байх тусам бодисын солилцоо маш хүчтэй явуулаад дотор нь байгаа бодис их болдог. Хөвсгөлд гэхэд дандаа анхилуун үнэртэй ургамлууд ургадаг. Монголын үнэртэй салхи гэж яриад Монголд л модноос гоё үнэр үнэртэх юм гэдэг шалтгаан энэ. Цаашлаад эфирийн тостой ургамал, антиоксидант идэвх гэж их ярих боллоо. Тэр антиоксидант чадавх Монголын ургамалд байдаг. Маш хүйтэн, халуун хоёрын хэлбэлзэлд антиоксидант идэвх маш сайн байгаа юм. Дэлхийн хүн амын наслалтад нөлөөлөөд байгаа халдварт өвчин, хавдар зэрэг болоод байна. Энэ өвчин чинь буруу урвал биед үүсэхээр үүсдэг. Харин тэр урвалыг нь зөв болгодог бодис Монголд байна гэсэн үг.

-Бид өдөр тутамдаа хэрэглэдэг эмийн ургамлуудын талаар.
-Ургамлуудын эмийн чанар чанар бол үнэхээр гайхамшигтай. Сүүлийн үед ханиад эдгэхгүй байна хэмээн маш их эм ууж байна шүү дээ. Түүнд эх орондоо ургаж байгаа ургамлаа уухаар эдгэж байна. Байгалийн юмыг гүйцэх эм тариа хийж чадахгүй байна. Энэ гол гол ургамлаа судалж тогтоогоод үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар бид хийх ёстой л гэж дотроо боддог.