Орон нутаг тэр дундаа баруун аймгуудад шатахууны хомсдол үүссэн гэх асуудал энэ сарын эхээр гарч эхэлсэн. Улмаар нийслэлийн хэмжээнд шатахуун авах гэсэн иргэд олон цагаар дугаарлах болсон билээ.
Улмаар шатахууныг хүртээмжтэй олгохын тулд 50 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон байдаг. Энэ бүхэнд салбарын сайд нь асуудлыг иргэддээ тохсоор ирсэн. Тухайлбал, иргэд их хэмжээгээр нөөцөлж, банкаа дүүргэж байгаа нь асуудлын шалтгаан хэмээн тайлбарласан. Улмаар урд хөрш болон хойд хөршөөс татан авах шатахууны хэмжээг нэмэгдүүлсэн талаараа мэдээлж байлаа. Харин энэ сарын 28 буюу мягмар гарагт нийслэлийн хэмжээнд шатахууныг хязгаарлалтгүй олгож, хомсдол хэвийн болсон хэмээн мэдэгдэж байлаа. Түүнчлэн өдрийн хэмжээнээсээ 3 дахин их нийлүүлэлт хийгдэж байна. Шатахууны борлуулалт хэвийн болсон Засгийн газрын индэр дээрээс дахин мэдэгдсэн. Гэсэн ч өнөөдөр /2025.10.31/ шатахуун авах гэсэн иргэдийн дараалал үргэлжилсэн хэвээр байна. Иргэд ч энэ талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн хэвээр байгаа юм.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        