Хүний эрхийн Үндэсний Комисс цахилгаан дугуй, скүүтер зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотой “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяны талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ХЭҮК-оос “Ирэх дөрвөн сараас эхлэн цахилгаан дугуй, мопед, скүүтер зэрэг тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Тийм учраас ХЭҮК-оос урьдлан сэргийлэх, анхаарах үүднээс “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг өнөөдрөөс эхлүүлээд байна. Он, оны статистик тоо баримт энэ асуудалд анхаарахаас өөр араггүйд хүргэлээ. Тухайлбал, 2023 онд скүүтер, цахилгаан дугуйтай холбоотой 274 осол, гэмтэл бүртгэгдэж байсан бол 2024 онд 4.844 болж нэмэгджээ. Харин энэ оны эхний долоон сарын байдлаар энэ төрлийн осол, гэмтэл 6453 болж нэмэгдсэн байгаа юм. Үүнээс харахад, манайд энэ төрлийн осол, гэмтэл маш хурдацтай өсөж байгаа нь харагдаж байна. Гэмтлийг тохиолдлоор нь авч үзвэл, 2024 онд 18-аас доош насны 3.436 хүүхэд скүүтер, мопед, суррон унаж байгаад гэмтэж ГССҮТ-д ханджээ. Харин бусдыг гэмтээсэн нь 2024 онд 18-аас доош насны 4.338 хүүхэд байгаа юм. Мөн түүнчлэн мотоциклтой холбоотой осол, гэмтэлд насанд хүрээгүй хүүхдүүд ихээр өртөж байна. Уг нь бол мотоцикл өөрөө А ангиллын зэрэгтэй 18-аас дээш насны хүн унах ёстой тээврийн хэрэгсэл. Гэтэл 18-н наснаас доош насны 822 хүүхэд 2024 онд мотоцикл унаж байгаад бэртэж, гэмтсэн байгаа юм. Энэ мэт насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн тээврийн хэрэгслийг унаж бусдыг болон өөрийгөө гэмтээж байгаа зөрчилд анхаарах шаардлагатай байна. Эндээс харахад дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Түүнчлэн суррон, мопед дээр хурдны хязгаарыг тогтоох нь чухал байна. Мөн хариуцлагын тогтолцоог сайжруулж, зорчих хэсгийг тодорхой болгох зэргээр нэмэлт өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж ХЭҮК-оос дүгнээд байна. Үүнээс гадна мопед, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад зогсоолын бүсийг нь тогтоох ,эмх цэгцэд оруулах, насанд хүрээгүй хүүхдэд энэ төрлийн хэрэгслийг жолоодуулахгүй байх зохицуулалтыг нэн шаардлагатай хийх ёстой байгааг зөвлөж байна" гэлээ.