“Би бол уул юм. Намайг явахаар та нар нүцгэн уул шиг нүцгэрээд үлдээсэй гэж хүсэхгүй байна. Үргэлж дэргэд чинь байгаа мэтээр амьдраарай” хэмээн захиж үлдээгээд МУСТА Ц.Амарбаяр хайртай бүхнээ үүрд орхин оджээ.
ВИДЕО:
"ЦЭЭЖ ХӨНДҮҮРЛЭЖ, СЭТГЭЛ ӨВДӨНӨ ГЭДЭГ НЬ ЭНЭ ЮМ БАЙНА ГЭЖ БОДСОН"
Өнөөдөр бол 2025.10.30. Ноён бондгор нэрээрээ түмэн олныхоо сэтгэл зүрхэнд дархлагдан үлдсэн Ц.Амарбаяр агсан тэнгэрт дэвшээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Хэдий цэл залуухан 39 насандаа тэнгэрт дэвшсэн ч тэрээр 99 насалсантай дайтай амьдарлаа. Тэр зүгээр нэг дуулаагүй, бас амьдарсангүй. Харин тэр хүний хань шиг хань, хүүгийн эцэг шиг эцэг амьдраад буцлаа.

“Би ханийнхаа хайр халамж, нөмөр түшигт 20 жил үнэхээр сайхан амьдарлаа. Намайг чин үнэнчээр дэндүү сайхан хайраар хайрласан” хэмээн нулимс мэлтэлзүүлэх гэргий Б.Золзаяа үүнийг батлах шиг. Үнэхээр сайн ханийнхаа хайр халамжид ээнэгшиж, эрх дураараа амьдрахаас илүү жаргал бүсгүй хүнд байна гэж үү.

Сайн ханьтай учирна гэдэг урьд насны ерөөл гэлцдэг. Харин би тэднийг ерөөлөөр учирсан нэг насны заяаны хань гэж хэлэхийг хүснэ. Арван жилийн сурагчийн ширээнээс үерхэж нөхөрлөсөөр 20 гаруй жилийг аз жаргалтай амьдарсан тэднийг өөрөөр юу гэх. Энэ хугацаанд өнгө мөнгө, эрх мэдэл харж урвасангүй, шарвасангүй. Аавын орон зайгүй, ханийнхаа нөмөр нөөлгийг өгүүлсэн нэг сар хэрхэн өнгөрснийг гагцхүү тэр л мэдэх биз. Монголчууд өсөхийн цагт эцэг эхээ алдах нэг зовлон, идэр цагт ханиа алдах нэг зовлон, өтлөхийн цагт үр хүүхдээ алдах нэг зовлон гэж тодорхойлдог. Үнэхээр амьдралынхаа хорин жилийг ижилдэн дассан ханиа алдахаас илүү хэцүү зүйл байхгүй болов уу.

Ц.Амарбаяр агсны гэргий Б.Золзаяа “Хүн ер нь энэ зовлонг туулж мэдээгүй бол ойлгохгүй байх. Өдөр, шөнөгүй хамт байж ирсэн ханиа алдсанаас хойш ямар ч гоё сайхан зүйлс хүний сэтгэлийг татахаа больдог юм байна. Бие, биеэ хайрлаж, хайр түгээж ирсэн ханиа алдсанаас хойш харамсал, харуусал их төрж байна. Яах гэж тэгж хэлэв гээд л харамсах бодол төрсөн. Хүмүүс харамсах гэхээс илүүтэй амжаад тийм зүйл хийж өгөх минь яав хэмээн ярьдаг. Харин надад тийм бодол харьцангуй бага төрлөө. Яагаад гэвэл хань минь хүүхэд шиг л эрхэлдэг байсан. Би ч чадах хирээрээ анхаарч, халамжилдаг байсан. Бид хоёр энэ амьдралдаа эд хөрөнгө хурааж, эрх мэдэлд хүрье гэж бодож байгаагүй. Харин аз жаргалтай амьдрах гэж хичээсэн. Хүүтэйгээ гурвуулаа машиндаа суугаад хаашаа явах вэ гээд л гараад давхичихдаг байлаа. Хүүгээ өлгийдөж авснаас хойш гэртээ хоёр жил байж хүүгээ өсгөлцсөн. Ой долоохон сартай хүү минь одоо аавынхаа бүх зүйлийг мэддэг. Одоо хоол идэхдээ аавдаа эхэлж өгөөд өөрөө иддэг. Аав баяртай гээд явчихсан гэдэг. Үнэхээр өр зөөлөн хүн. Гэхдээ ийм богино настай гэдгээ хань минь мэддэг байжээ гэж бодогдсон. Хүүдээ зориулж пост бичиж үлдээдэг байсан. Хүмүүс үхсэний араас үхэлтэй биш, амьдрал үргэлжилнэ гэж их амархан ярьдаг. Мэдээж, ярихад амархан. Харин туулах хэцүү. Гэхдээ аль болох хүлээн зөвшөөрч, уйлахдаа уйлж сэтгэлээ онгойлгоод явах хэрэгтэй юм байна. Цээж хөндүүрлэж, сэтгэл өвдөнө гэдэг нь энэ юм байна гэж мэдэрлээ. Сайхан хүү минь байгаа учир уйлаад байж болохгүй. Бага, багаар урагшилна” хэмээн ханиа дурслаа.
"БУЯН ХУРААХ 49 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЭЭЖҮҮД, ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАН ӨДӨР БҮР 108 ГУТАЛ БЭЛЭГЛЭНЭ"
МУСТА дуучин Ц.Амарбаяр агсанд зүгээр нэг “Монгол Улсын Эх, үрсийн элч дуучин” хэмээх цолыг хүртээгээгүй юм. Тэрээр манай улсад анх удаа хүүхдийн эмчилгээний зардалд зориулан хандивын тоглолт хийж байлаа. Цаашлаад эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхдүүдийн сайн сайханд зориулан олон аяныг өрнүүлжээ. Тэгвэл түүний хань Б.Золзаяа энэ үйлийг нь үргэлжлүүлэхийг зорьж байна. Тэрээр ханийнхаа буян хураах 49 хоногийн хугацаанд ээжүүд, хүүхдүүдэд зориулан өдөр бүр 108 гутал бэлэглэж байгаа юм.

Ц.Амарбаяр агсны гэргий Б.Золзаяа “Гутал бол хань бид хоёрын санаандгүй холбогдоод орчихсон бизнес. Бусдаас авах ёстой байсан мөнгөний оронд их хэмжээний гутал өгчихсөн юм. Тэгээд л хамтдаа борлуулж, мөнгөө гаргаж авах ажилд орсон. Гутал бэлэглэх тухайд эхлээд би 108 ээж, хүүхдэд гутал бэлэглэнэ хэмээн лайв хийсэн. 216 гутал бэлдчихсэн хүлээж байтал манай дэлгүүр битүү хүнд дарагдаж, эхний өдрөө 600 гутал бэлэглэсэн. Ингээд өнгөрсөн дөрөв хоногт 1000 гутал бэлэглэсэн байна. Цаашид буян хураах 49 хоногийн хугацаанд өдөр бүр 108 гутал бэлэглэнэ. Бас манай дэлгүүрээс 1.8 сая төгрөгийн 108 гутлын багцыг гаргасан. Аж ахуй нэгжүүд аваад хүүхдүүдэд бэлэглэж буй. Энэ талбайг ч найз маань бид хоёрт маш хямд түрээсэлсэн. Ер нь буяны юм гэдэг өөрөө цаанаасаа л гоё, дэлгэр бүтчихдэг юм байна. Зарим хүний хувьд гутал тараах чухал биш мэт санагдаж магадгүй. Харин өрх толгойлсон ч юм уу олон хүүхэдтэй ээжид хүүхэд бүртээ гутал аваад гарахдаа баярладаг гэж би итгэдэг. Амьдрал харилцан адилгүй. Энэ мэтээр бусдыг баярлуулж байвал буян нь үр хүүхэд, ханийн минь дараагийн төрөлд ирэх байх гэж итгэдэг. Эдгээр өдрүүдэд ханьд минь Монголын ард түмэн ямар их хайртайг мэдэрч байна. Шар тос, цэцэг, сүү бариад орж ирэх хүн олон байлаа. Ном уншуулсан хуудсаа хүртэл бариад орж ирлээ. Их баярласан. Миний хувьд ханийнхаа араас буяныг нь харамгүй сайхан хийхийг л хүсэж байгаа” хэмээв.
"ЗУУН ТӨГРӨГТЭЙ ЯВСНААС 100 НАЙЗТАЙ ЯВ ГЭДЭГ БОЛ МИНИЙ ДҮҮ 1000 НАЙЗТАЙ ЯВСАН"
"Амьдрал", "Миний найз", "Хос жаргал” "Дүү минь" зэрэг Ц.Амарбаяр агсны олон арван уран бүтээлийг Эсгий туургатан даяараа дуулдаг хэвээрээ. Угтаа тэрбээр ШУТИС-ийг программистаар төгссөн нэгэн. Гэсэн ч өөрийн төрмөл авьяас, хичээл зүтгэлээрээ өнөөгийн түмэн олны хайртай дуучныг бүтээсэн.
Ц.Амарбаяр агсан нэгэн ярилцлагадаа “Би С.Жавхлан ахынхаа амьдралын их сургуульд элссэн. С.Жавхлан ах шиг хүн Монголд дахин төрөхгүй. Энэ хүн хоолой, ухаан, ур, тавилан, заяа, өөрийнх нь хичээл зүтгэл бүгд байна. Нэг ч дутуу юмгүй. Энэ хосгүй их эрдэм чадал, авьяас билиг нийлэхээр ийм төгс байгаа юм. Би энэ хүнээс зөвхөн үлгэрлэлийг авдаг” хэмээн ярьж байлаа.

Харин өнөөдөр МУСТА Ц.Амарбаяр агсныг тэнгэрт дэвшихэд МУАЖ С.Жавхлан эцсийн замд нь үдэж үг хэлсэн юм. Тэрбээр “ “Ноён Бондгор” гэж цор ганц нэр Монголд дархлагдаж үлдлээ. Хамгийн гол нь миний дүү үнэ цэнтэй амьдарч чадлаа. Онч төв зорилго чиглэлтэй зөв амьдарч чадлаа. Зуун төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэдэг бол миний дүү 1000 найзтай явсан. Тэрээр би ингэж хайрлалаа, тэгж гийгүүллээ гэж хэзээ ч хэнээс ч хариу нэхдэггүй ялархдаггүй маш сайн дүү найз нарын минь нэг байлаа. Жам, зам, жимийн хорвоод гэгээн Монголдоо өрнүүлсэн цаг хугацаа, орон зайгаа төгс гүйцэлдүүлсэнд нь сайн удам угсаа, сайхан аав ижийн хүү, дүүгээрээ дэндүү бахархаж байна” гэж хэлсэн байдаг.
"ТҮМЭН ОЛНООС ИРСЭН СЭТГЭЛИЙН ХАНДИВААС БИ НЭГ Ч ТӨГРӨГ АВАХГҮЙ, ХАНИЙНХАА БУЯН ХУРААХ АЖИЛД ЗОРИУЛНА"
Үнэхээр л “Ноён бондгор” нэрээрээ дархлагдсан Ц.Амарбаяр түмэндээ ямар их хайрлагдаж, олонтойгоо амьдарч ирснийг түүнийг дурсан санах найзуудаас нь илхнээ мэдрэгдэнэ.

Ц.Амарбаяр агсны гэргий Б.Золзаяа “Хань минь энэ богинохон амьдралаа үргэлж бусдын сайн сайхны төлөө зориулсаар ирсэн. Энд ийм асуудал байна шийдье, хамтдаа энийг хийе, тэр хүнд тусалъя гээд л ярьдаг байлаа. Олон ч хандивын тоглолтод оролцсон доо. Би 20 гаруй жил амьдрахдаа түүнийхээ амнаас болохгүй, бүтэхгүй гэдэг үг сонсоогүй. Тэр сайхан амынхаа билгээр сайхан бүхнийг дууддаг. Түмэн олонтойгоо явсаар ирсэн. Олон сайхан найз нөхөдтэй. Ханийг минь өөд болсны дараа манай гэрт хар тоогоор 1000 гаруй хүн ирсэн байсан. Тэр бүгдийнхээ өгсөн сэтгэлийн хандиваас би нэг ч төгрөг авахгүй. Ханийнхаа буян хураах ажилд зориулна. Би өнгөрсөн хугацаанд буддын философийг судалж, олон лам нартай уулзлаа. Тэгээд ер нь хэн нэгнээ алдсанаас хойш 49 хоногийн хугацаанд юу болдог вэ, сэтгэлзүйгээ хэрхэн удирдах вэ гэх агуулга бүхий ном гаргахаар төлөвлөсөн. Сэтгэлзүйгээ удирдах талаар өөрийн туулсан замаар өгүүлнэ”.
-Ханийнхаа гэгээн дурсгалд зориулсан ном байх.
-Ханийнхаа дурсгалд зориулж 2-3 ном гаргахаар төлөвлөсөн. Тэрний нэг нь бол ханьтайгаа хамт амьдарсан 20 гаруй жилийн түүхээ ном болгоно. Харин энэ 49 хоногийн тухай ном бол сэтгэлзүйгээ хэрхэн авч гарах, сэтгэлээ онгойлгох талдаа ном. Хүн бүхэн хайртай дотнын хэн нэгнээ алддаг. Тэр дундаа хань ижлээ алдана гэдэг маш хэцүү. Ганцаардлыг их мэдэрдэг. Би энэ үед хүчтэй бай гэж хэлэхгүй. Харин сэтгэлээ онгойлгож бай гэж хэлэхийг хүсэж байгаа. Нөгөө талд хүн сэтгэлзүйгээ чөлөөлж, зөв хүлээж авах хэрэгтэй. Хань минь илүү сайхан газарт очиж, сайн дүрийг олсон зэргээр хүлээн зөвшөөрч, сэтгэлзүйгээ чөлөөлөх ёстой.

Хорвоогийн амьдрал эхлэлтэй шигээ бас төгсгөлтэй. Энэ хугацаанд хүн юунд зорьж, хаана хүрэх, юу хураахыг гагцхүү өөрөө л шийддэг. Харин бид хүмүүний хийсэн үйлийн үр ямар байна, тэр хирээр сайхан төрлийг олж, үр хүүхдэд нь буян заяа нь ирдэг хэмээн итгэдэг билээ. Энэ бүхэнд л Ц.Амарбаяр агсан итгэж, үргэлж бусдын төлөө, сайн сайхны төлөө амьдарчээ.