Шатахуун түгээх станцын ажилтны биед халдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, өчигдөр /2025.10.22/ бензин авах гэсэн жолооч бухимдсандаа түгээгчийг зодож танхайрсан байна.
Нийслэл Улаанбаатар хот болон зарим аймаг, сумдад бензин, дизелийн хомсдол үүсээд байгаа юм. Албаныхны мэдээлснээр улсад бензин, дизелийн хангалттай нөөц байгаа бөгөөд одоо колонкуудад үүсээд буй оочер дараалал нь зохиомол хомсдол үүсгэх эрсдэлтэй байна. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд 24 цагаар ажиллаж байгаа. Шатахууны компаниуд татан авалтаа хэвийн явуулж байгаа хэдий ч гэнэтийн их хэмжээний худалдан авалтын улмаас өмнөх хэвийн үеийн худалдан авалтаас хурдан хугацаанд дуусаж байна гэж колонкийн ажилтнууд тайлбарлаж байна.
Тиймээс жолооч та бүхэн цаг наргүй ажиллаж, бензин шатахуунаар хангах үүргээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, колонкийн ажилтнууд руу элдвээр дайрахгүй байх, биед нь халдахгүй байхыг уриалж байна. Мөн нөөц хангалттай байгаа тул зохиомол хомсдол үүсгэж, их хэмжээгээр худалдан авалт хийхгүй байхыг уриалж байна.