БНХАУ-д өөрсдийн кампанийг үүсгэн байгуулж, морины гайхамшиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй Б.Сумъяабазарын гэр бүлтэй энэ удаа ярилцлаа. Сумъяабазар нь 2016 оноос морин циркийн үзүүлбэрийг сурч, өнгөрсөн жилээс өөрийн хувийн компанийг үүсгэн байгуулжээ. Мөн түүний охин гурван настай Б.Сорхагтани өөрийн морьтой үзүүлбэртэй болсон нь жуулчдын анхаарлыг татдаг байна.
ВИДЕО:
-Юуны өмнө та гэр бүлээ уншигчдад маань товч танилцуулаач. -Сайн байцгаана уу.
Намайг Б.Сумъяабазар гэдэг. Хоёр хөөрхөн охинтой. Том охиныг Б.Сорхагтани, бага охиныг Б.Саяантан гэдэг. Манай гэр бүл БНХАУ-д морин циркийн үзүүлбэр үзүүлдэг компанитай. Ийм энгийн залуу гэр бүл байна.
-Компанийнхаа тухай нийт хэдэн гишүүнтэй вэ?
-Компанийн хувьд “Саяантан” гээд 2 охиныхоо нэрийг нийлүүлээд өгсөн. Гэхдээ “Саяантан” ХХК-ийн “Бэрд” клуб гэж явдаг. Нийт 52 хүний бүрэлдэхүүнтэй. Өдөрт гурван удаа жуулчдад тоглолтоо тавьдаг. Жуулчид маш их үздэг. Тоглолтын хувьд улирлын чанартай гурван сараас эхлээд 10 сар хүртэл үргэлжилдэг.
-Охинынх нь хувьд гуравхан настай ч моринд маш эрэмгий бөгөөд тоглолт тань оролцдог юм билээ. Хэзээнээс оролцож эхэлсэн бэ?
-Охины хувьд 2023 оноос морин дээр гарсан. Давхихгүй ч ойр зуур явдаг байсан юм. Гэтэл энэ жилээс зориглоод тоглолтод оролцож байгаа. Бид ч гэсэн айлгахгүй, эвтэйхэн сургая гэж бодсон. Хамгийн гол нь өөрөө охин маань маш дуртай. Одоо манай клубийн тоглолт дундуур өөрийн 2-3 үзүүлбэрээ үзүүлдэг.
-Охиныг нь хараад хүмүүс юу гэдэг вэ?
-Хүмүүс хараад их эгдүү нь хүрдэг. Тоглолт дуусахаар хүмүүс охин дээр маань овоороод зургаа авхуулцгаадаг. Анхандаа охин маань тэр бүрд уриалгахан хүлээж авдаг байсан. Харин одоо бага зэрэг залхах хандлага ажиглагдаж байгаа.
-Балчир хүүхэд морин дээр үзүүлбэр үзүүлнэ гэдэг мэдээж эрсдэл их байх. Аюулгүй байдлыг нь хэрхэн хангадаг вэ?
-Тийм ээ. Жоохон хүүхдийг морь унуулах эрсдэл их. Морь чинь мэдээж араатан амьтан. Тэрийг маш сайн тооцоолж, аюулгүй байдлыг нь хангах нь чухал.
-БНХАУ-д морин циркийн үзүүлбэр үзүүлдэг компани, клубүүдэд таны охин шиг ийм бага насны охин бий юу?
-Ганц нэг хүүхэд мэр сэр байдаг юм билээ. Манай клуб биш ч гэсэн гурван настай н.Амина гэдэг охин байдаг. Одоо ч ажлаа хийгээд явж байгаа.
-Охидынх нь нэрийн тухай. Их өвөрмөц юм аа?
-Тийм ээ. Том охиндоо Сорхагтани хатны нэрийг хайрласан. Би өөрөө бодож өгсөн нэр. Харин бага охины нэрийг эхнэр маань өгсөн. Б.Саяана гэдэг нэр бас л монгол үндэсний түүхэнд гардаг нэр. Манай гэр бүлийн онцлог бол үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хадгалах. Амьтанд маш хайртай. Охид маань морь, мал, нохой гээд бүх амьтдыг хайрладаг.
-Таны хувьд хэдэн жил морин циркийн үзүүлбэрийг үзүүлж эхэлсэн бэ. Ер нь хүний нутагт гэдэг утгаараа хүндрэлтэй зүйл бий юу?
-Би 2016 оноос морин циркийн үзүүлбэрийг үзүүлж эхэлсэн. Анх Доржийн Ариунболд гэдэг хүний шавь болж очиж байсан юм. Тэгээд л өнгөрсөн жилээс өөрийн компаниа үүсгэн байгуулахаар шийдсэн. Сайхан ах нарынхаа буянаар өдий зэрэгтэй явж байна гэж боддог. Гэхдээ манай салбарынхан их даруухан. Тэр бүр ярилцлага өгч олны өмнө гардаггүй юм. Манай ажил бол эрсдэлтэй их. Мөн маш их энерги шаарддаг. Хамгийн сайхан мөч нь тэр олон үзэгч ганцхан надад зориулж алга таших байдаг.
-Танай клубийн үзүүлбэрүүд юугаараа онцлог вэ?
-Ер морьтны гайхамшиг гээд ярих юм бол цаг хугацаа их орно. Дотроо үлгэрчилсэн, мюзикл гээд олон янз бий. Манай хамтлагийн хувьд эмх цэгцтэй, хүүхдүүдийнхээ чадвар дээр их анхаардаг.
-Ярилцсанд баярлалаа.