Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаа: Бид аавын хүсэл ёсоор "Аглаг бүтээлийн хийд"-ийн хурлыг монгол уншлагатай болгохоор “Маанийн бүтээл”-ийг монгол хэлээр уншиж эхэллээ

Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаа: Бид аавын хүсэл ёсоор "Аглаг бүтээлийн хийд"-ийн хурлыг монгол уншлагатай болгохоор “Маанийн бүтээл”-ийг монгол хэлээр уншиж эхэллээ

Үүрийн хаяа цайрахтай зэрэгцэн бугын урамдах дуугаар “Аглаг бүтээлийн хийдийн” намрын өглөө эхэллээ. Хаа нэг гаансаа нэрж, дуугүй дүнсийх аавын бараа шиг “Аглаг бүтээлийн хийд дүнхийсээр угтлаа. Эл өглөө тус хийдэд “Маанийн бүтээл”-ийн хурлыг албан ёсоор анх удаа монгол уншлагатайгаар хурж буй. Энэ бол МУСГЗ, Бурханч лам Г.Пүрэвбат агсны зорьж, хүсэж байсан ажил.

Тэрбээр томоохон хурал, номыг монгол хэлнээ орчуулж, ая оруулан хэд хэдэн удаа туршиж байж. Хүслийг нь гүйцээх үртэй байна гэдэг сайхан. Түүний нэг зорилго өнөөдөр биелж байна. Тэгвэл монгол уншлага болоод бусад асуудлаар Бурханч лам Г.Пүрэвбат агсны охин Анхаа Ханаатай ярилцлаа.

ВИДЕО:

-Аглаг хийдийн намар их үзэсгэлэнтэй юм аа. Улаан, шар, ногоон гээд бараг бүх өнгө байх шиг байна.

-Тийм ээ. Намрын өнгө үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ үед хамгийн гоё байдаг.

Аглаг бүтээлийн хийд. 2025.09.24

-Урин дулааны цөөхөн хэдэн сар дуусах гэж байна. Өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ. Жуулчид ирж байна уу?

-Зуны зургаа болон долдугаар сар хамгийн ачаалалтай байдаг. Одоо есдүгээр сараас эхлэн ачаалал бага болдог. Хааяа нэг сурагчид автобусаар ирдэг. Намрын улирлаас эхлээд л хийдийн үйл ажиллагаа хурал номдоо илүү анхаардаг гэж ойлгож болно.

-Өнөөдрийн болж буй хурлын тухай. Анх удаа монгол уншлагатай гэдгээрээ онцлог байна.

-Анх аав ээж хоёр 1994 онд Монголд ирсэн. Түүнээс хойш маш олон зүйлийг зэрэг хийдэг байлаа. Түүний нэг нь хийдийнхээ хурлыг монгол уншлагатай болгох явдал байсан. Намайг бага байхад аав лам нартай хамтарч зарим хурал, номыг монгол хэлнээ орчуулж, аялгуутай болгон уншиж үзэж байсныг санадаг. Тэр үед хүүхэд байсан болохоор сайн мэддэггүй байлаа. Гэхдээ аав ээжийн хүсэл гэдгийг мэддэг. Манай ээж одоо ч ярьдаг. Эх хэлээрээ шашны номыг уншина гэдэг маш чухал. Энэ нь тухайн хурал номын ойлголтыг өгч байна гэсэн үг. Иргэд утга агуулгыг нь эх хэлээрээ уншиж, ойлгох нь маш чухал шүү гэж хэлдэг. Аав ээжийн хүсэл учир Аглаг бүтээлийн хийд дээрээ монгол уншлагатай болгохыг хүсдэг байсан. Гэхдээ шинэ зүйлийг эхлүүлнэ гэдэг маш хэцүү. Тэгсэн Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг данцангийн лам нар цөөн номын монгол уншлагатай болгож байгаа тухай мэдсэн. Иймд бид энэ жилийн Маанийн бүтээлийн хурлаа тус хийдийн лам нарыг залж хурахаар шийдсэн. Энэ бол Аглаг бүтээлийн хийдэд албан ёсоор анх удаа монгол уншлагатайгаар Маанийн бүтээлийн хурлыг уншиж буй юм.

-Ээж нь их баярлаж байна уу?

-Тийм ээ. Маанийн бүтээлийн хурлыг уншихдаа “нүгнээ” буюу дуугаа хурааж, мацаг барих хоёрыг хамт барьж байгаа. Ээж баярлаад хамт нүгнээ барьсан.

-Жилдээ дөрвөн удаа том хуралтай байдаг гэсэн. Өнөөдрийн хурж буй Маанийн бүтээл нэг нь мөн биз?

-Тийм ээ. Бид аавыг явснаас хойш ер нь хурал ном нэг ч тасраагүй. Үнэхээр мундаг лам шавь нар ирж ном хурлаа уншиж байгаа. Аглаг хийдийнхээ номыг тасраачихгүй байх юм сан гэж хүсэж байна.

-Энд дурдахгүй байж болохгүй нь. Аглаг бүтээлийн хийдийн Удирдах зөвлөл гэх лам нар танай гэр бүлийг шүүхэд өгсөн байсан. Тэр юу болов?

-Өөрсдийнхөө гаргаж буй эдгээр үйлдлүүдээ зөв гэж бодоод л хийж байгаа байх. Ямартай ч иргэний хэргийн шүүхэд өгсөн эхний хэргийг хэрэгсэхгүй болсон байсан. Тэгээд цаашид үргэлжлэх байх. Учир нь олдох байх аа.

Та аавынхаа амьдардаг байсан өрөөг музей болгоно гэж хэлсэн байсан. Амжив уу?

-Аавын өрөө доторх юмнууд яг хивэндээ байгаа. Хүмүүс ороод харвал аавын үнэр тэр чигээрээ байгаа.

-Ээжийн нь бие гайгүй юу. Ачаалал ихээс гадна олон асуудал болж өнгөрлөө.

-Би Монгол улсад өртэй хүн гэж ээж байнга хэлдэг. Миний хийж байгаа үйлийг бурхан мэдэж байгаа гэдэг. Ер нь өнгөрсөн хугацаанд харийн нутагт ирсэн эмэгтэйн хувьд амаргүй амьдралыг туулсан. Харин саяны өрнөсөн үйл явдлуудад ээж сэтгэлээр жаахан унасан. Яг тэр үед би зарим хэвлэлд ярилцлага өгч таарсан. Тэр ярилцлагыг монголчууд маань маш гоёор хүлээж авсан байсан. Хийдэд ирсэн олон хүн ээжийг тэвэрч, хүчтэй байгаарай гэж хэлсэн байсан. Манай ээж буцаад гоё сэргэсэн. Тэгээд “Би Монголчуудад одоо ч өртэй байгаа юм байна” гэж хэлсэн. Би явтлаа энд байгаа ажлуудаа цэгцэлж байж явна гэдэг.

-Дараагийн удирдлагыг сонгох асуудалд. Цаг нь болсон болов уу?

-Манай аавд мундаг шавь маш олон бий. Нийт 80 гаруй шавь нар бий шүү дээ. Монголчууд маань буруу ойлголт битгий аваасай гэж хүсэж байна. Одоо үүсээд буй асуудал бол ганц, хоёрхон шавийнх нь үйлдэл шүү дээ. Одоо шавь нар нь маш гоё нэгдэж, хамтдаа дараагийн зөв удирдлагыг сонгох гэж хуралдаж байгаа. Асар том орон зайг нөхнө гэдэг амаргүй. Бид яараагүй. Маш няхуур бодож байна.

-Цаашид хийдийн үйл ажиллагаанд шинээр тусгах ч юм уу. Ер нь цаашид юунд зорьж байна.

-Аавын хийхийг зорьж буй зүйлсийг бид мэдэж байгаа. Тэр бүхнийг мэдээж аав шигээ хийж чадахгүй. Гэхдээ аавын мундаг шавь нартай нь хамтарч чадахаараа хийх болно. Аавын шавь нар нь бол амьд өвүүд нь шүү дээ. Аавын захиж үлдээсэн ажлуудыг хийсээр л байх болно.