Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон Цагаан-Овоо суманд тарваган тахлын голомт, хүний өвчлөл бүртгэгдсэн тул тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Овоо сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна.
Тэгвэл Тарваган тахлын халдвартай иргэдэд үйлчилсэн 14 эмнэлгийн ажилтны шинжилгээний хариу халдвар авсан буюу эерэг гарчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут, "Тарваган тахлын халдвартай иргэдэд үйлчилсэн 14 эмнэлгийн ажилтны PCR шинжилгээ ЭЕРЭГ гарсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий тасгийн үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байна. Эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймгийн БОЭТ-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч А.Эрдэнэбаяр ажиллуулахаар боллоо. Мөн нөхцөл байдлыг тодруулахад тархалтыг хумьж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс баг бүрэлдэхүүн илгээсэн болохыг мэдээллээ" гэжээ.