АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ, тусгай элч Стив Виткоффыг Лхагва эсвэл Пүрэв гарагт Москвад айлчлуулж магадгүй гэж мэдэгдсэн байна. Энэхүү айлчлал нь Орос болон Украины хоорондох хурцадмал нөхцөл байдлыг намжаах зорилготой бөгөөд АНУ-ын зүгээс шинэ дипломат алхам хийх эхлэл байж болзошгүй юм.
Д.Трамп сэтгүүлчдэд хандан, “Хэрэв ОХУ энэ Баасан гаригийн өмнө Украинд гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол бид хориг арга хэмжээ авна. Гэхдээ тэд хоригийг тойрч гарахдаа үнэхээр сайн. Тэд зальтай. Хоригийг даван туулах чадвар нь бидний санааг зовоож байна. Тиймээс юу болохыг харах л үлдлээ” гэжээ.
Д.Трамп энэхүү мэдэгдлээ өнгөрсөн долоо хоногт Киевт болсон их хэмжээний пуужингийн халдлагын дараа хийж байгаа бөгөөд тус халдлагад олон арван хүн амь үрэгдээд байгаа юм. Д.Трамп уг үйл явдлыг “жигшүүртэй” хэмээн тодорхойлж, нөхцөл байдлыг зөөллөхийн тулд өөрийн итгэлт элчийг Москвад илгээхээр төлөвлөж байгаагаа онцлон дурдсан юм.
Эх сурвалж: BBC