ВИДЕО: Наадмаас өмнө ашиглалтад орно гэж байсан “Авлига хороолол” ирэх сарын 8-нд болох шүүх хурлаас шалтгаалан ашиглалтад орох хугацаа нь хойшилжээ

ВИДЕО: Наадмаас өмнө ашиглалтад орно гэж байсан “Авлига хороолол” ирэх сарын 8-нд болох шүүх хурлаас шалтгаалан ашиглалтад орох хугацаа нь хойшилжээ

Азидаа томд тооцогдох “Усан парк” барина гэж хашаалсан Энхтайваны гүүрний зүүн талд 25 давхар олон тооны орон сууцны хороолол барьж, бетонон ширэнгэ болгох гэж байгаа талаар iSee.mn мэдээллийн сайт анх мэдээлж байлаа. Улмаар уг барилгын хоёр блок барилгыг Дунд голын ай сав руу хэтрүүлэн барьсан гэх дүгнэлт гарч, Хотын даргын нураах захирамж гарсан. Гэтэл өнөөдрийн байдлаар барилгыг нураалгүй байсаар олны нэрлэж заншсан “Авлига хороолол” бүхэлдээ ашиглалтад орох гэж байгаа юм.

ВИДЕО

-ИРЭХ САРЫН 8-НД АВЛИГА ХОРООЛЛЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ НУРААХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ-

Тодруулбал, “Авлига хороолол” баригдахдаа урд талын хоёр блок барилгыг Дунд голын ай сав руу оруулж барьсан буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Улмаар 2023 оны наймдугаар сард Д.Сумъяабазар хотын дарга байхдаа Дунд голын ай савыг хааж барьсан “Шунхлай” ШТС, “S Outlet” дэлгүүр болон “Aqua garden /Авлига хороолол/“-ын урд талын хоёр блок барилгыг нураах захирамжийг тус тус хүргүүлсэн. Гэтэл “Шунхлай” ШТС болон “S Outlet” дэлгүүрийг нураагаад “Авлига хороолол”-ыг үлдээсэн.

Үүнийг Хотын дарга Х.Нямбаатар “Авлига хороололтой холбоотой асуудал шүүхийн шатандаа гацсан байгаа. Эцсийн шийдвэр гармагц нураана” гэх тайлбарыг өгч байгаа. Гэвч энэ асуудал шүүхийн шатанд гацаад олон сар, жил болсон ч шийдвэрлэгдсэн зүйл байсангүй.

Тэгвэл Авлига хороололтой холбоотой шүүх хурал ирэх наймдугаар сарын 8-ны өдөр товлогдсон байна. Улмаар шүүх асуудлыг Авлига хорооллын талд шийдвэл Барилга, байгууламж ашиглалтад оруулах комисс хүлээн авч, ашиглалтад орох аж. Энэ талаар Авлига хорооллын борлуулалтын алба, "Шүүх процесс дуусмагц хичээлийн шинэ жилээс өмнөхөн дөрвөн блок барилга дөрвүүлээ ашиглалтад орно" гэх мэдээллийг өгөв. Өмнө нь буюу тавдугаар сард бид энэ талаар сурвалжлахад “наадмаас өмнө ашиглалтад орно” гэх тайлбарыг өгч байсан. Гэхдээ шүүх хурлын асуудлаас болж ашиглалтад орох хугацаа нь хойшилсон бололтой.

-"ЭМ ЭНД ЖИ" КОНСТРАКШН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЭХЛҮҮЛСЭН ЦАХИЛГААНЫ ШУГАМ8 СҮЛЖЭЭНИЙ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА-

Цахилгааны шугам сүлжээгээ мөн л "Эм Энд Жи" констракшн хууль зөрчиж хийж байсан. Тодруулбал, Нийслэлийн автозамын газраас зам сэтлэх зөвшөөрөл өгөөгүй байхад "Эм Энд Жи компани нь Махатма Гандигийн гудамж буюу "Home plaza"-ийн ард талд авто зам сэтэлж, ухан барилгынхаа цахилгааныг татаж байсныг болиулсан бөгөөд Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс тус компанид шаардлага тавьсан боловч ажиллаа зогсоохгүй байсан тул цагдаад дуудлага өгч таслан зогсоох арга хэмжээ авсан юм.

Үерийн ус Улаанбаатар хотод ямар аюул авч ирж болохыг бид 2023 оны зун харсан. Ахин тийм аюул тохиолдуулахгүйн тулд голын ас савыг чөлөөлөх ёстой талаар мэргэжилтнүүд хэлж буй.

Гэвч Авлига хороолол ашиглалтад орчихвол тус хороололд орсон айл өрх, дунд голын ойролцоо байх олон айл өрх, албан байгууллагууд маш их хохирол амсана. Үүнээс сэрэмжлүүлж Авлига хорооллыг нураах ёстой. Гэхдээ авлига хорооллыг нураах эсэх асуудал наймдугаар сарын 8-нд болох шүүх хурлаас шалтгаална. Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар “Авлига хороолол”-ын нэг метр/кв тутмыг 5.6-6.4 сая төгрөгөөр худалдаалж байгаа юм.