Франц улсад хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эх орондоо буцаан авчрахаар тус улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Цаашид ч дэлхий даяар тархсан, алдагдсан өвүүдээ буцаан авах хэд хэдэн ажлыг яамнаас хийхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр ОХУ-аас Ноён уулын олдворуудыг буцааж авах яриа хэлэлцээрийг дээд түвшинд тавьж, холбогдох саналыг хүргүүлжээ. Соёл, түүхийн өвүүдээ сурвалжлах, эх орондоо буцаан авах нь түүхийн үнэн бодит байдлыг баталгаажуулах, дэлхий нийтийн өмнө тунхаглах, цаашлаад тусгаар тогтнол, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлэх томоохон алхам юм.