Утааг бууруулахын тулд дахин төлөвлөлт хийж, орон сууцжуулж байгаа нь авууштай ч газраа чөлөөлж буй иргэд болон компани жорлонгийнхоо нүхэнд хашаан дахь хог хаягдлаа хийж, шороогоор дараад орхидог. Ингэхдээ нүхэн жорлон, бохирын цооногт хэрхэн халдваргүйтгэл хийх зааврыг холбогдох албаныхан өгдөг ч анхаардаг хүн цөөхөн. Ариутгал хийгээгүйн улмаас гарах хор уршиг бидний ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөх талаарх сэдвийг бид энэ удаа хөндлөө.
ВИДЕО:
-СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ҮЕЭР БУЛСАН НҮХЭН ЖОРЛОНГУУД ГАНДАНГИЙН ДЭНЖИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ДАРААХ ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ЖИШЭЭГ ДАВТАЖ МАГАДГҮЙ БАЙНА-
Газраа чөлөөлж, олон улсын зах зээлээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрээ бэлдэхдээ анхаарсан ч төслийн талбайд анхаарал хандуулалгүй удсан. Учир нь газрыг чөлөөлж, иргэдийг нүүлгэсний дараа шороогоор эргэлдсэн талбай, хоосон жорлонгийн нүх, модон жорлонгууд үлдээж удтал байлгасны эцэст өнгөрсөн сарын сүүлээр бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр талбайгаа хашаалжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 25-наас хашаалж жорлонгийн нүхүүдийг дарж эхэлсэн бөгөөд одоо ч хараахан хашаалж дуусаагүй байна. Эндээс жорлонгийн нүхийг хэрхэн булсан бэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Учир нь жорлонгийн нүхийг булахдаа эхлээд заавал ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ёстой.
Жишээ нь Гандангийн дэнжийг дахин төлөвлөж, орон сууцжуулахдаа иргэдийн нүхэн жорлонг шууд шороогоор булсан нь олон асуудал дагуулж байсан. Тухайн байршилд сул үлдсэн газрыг дараа нь ухаж үзэхэд шар ягаан өнгийн өмхий үнэртэй хөрс гарч ирсэн бөгөөд зарим эрдэмтэд “Аммиак буюу шивтрийн хий ялгарч буй шинж. Газар доорх хорыг ил гаргасан байна” хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл эл асуудал Сэлбэ дэд төвд дахин давтагдах нөхцөл үүсэж магадгүй болоод байна.
-НҮХЭН ЖОРЛОНГООС ГАРАХ ШИВТРИЙН ХИЙ НЬ ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭХ ЭРСДЭЛТЭЙ-
Нийслэлийн гэр хороололд 2024 оны байдлаар 204 670 өрхийн 715 121 мянган оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг гэнэ. Энэ нь хөрсний бохирдлын гол эх үүсвэр болоод зогсохгүй газрын гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрээд байгааг албаныхан хэлж буй. Гол асуудал бол дээр дурдсан аммиак буюу шивтрийн хий. Тодруулбал, жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт бичигддэг аж.
Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйдүүлэх хор уршигтай.
Учир нь жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг байна. Тэгвэл Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж, 2000 орчим нүхэн жорлон үлдсэн. Улмаар саяхан булсан нүхэн жорлонгууд дээрх эрсдэлийг иргэдийн эрүүл мэндэд учруулж болзошгүй байна. Хамгийн ноцтой нь энэ асуудал дээр тусгайлсан мэргэжилтнүүд ажилласан уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.