Дулааны улирал эхэлсэн энэ үед суурьшлын бүсэд могой орж ирсэн дуудлага, мэдээлэл Нийслэлийн Байгаль орчны газарт бүртгэгдэж эхэлжээ. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хэрэв суурьшлын бүсэд могой харсан бол Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 хандахыг зөвлөе. Мөн ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Нийслэлийн бүсэд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр төрлийн могой тархсан байдаг. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууц, аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол зэргээс олдох нь түгээмэл. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн хот руу орж ирэх магадлал өндөр байдаг. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.
Б.ЭНХМАА