СУРВАЛЖИЛГА: Монголбанк зах зээлд нийлүүлэх валютаа эрс багасгаж, үнийг өсгөсөн нь ам.доллар 3600, юань 501 төгрөгтэй тэнцэж эдийн засагт “Улаан гэрэл” асахад хүргэжээ

СУРВАЛЖИЛГА: Монголбанк зах зээлд нийлүүлэх валютаа эрс багасгаж, үнийг өсгөсөн нь ам.доллар 3600, юань 501 төгрөгтэй тэнцэж эдийн засагт “Улаан гэрэл” асахад хүргэжээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3541 төгрөг болж жилийн өмнөхөөс 165 төгрөгөөр суларсан байна. Мөн төгрөгийн евротой харьцах ханш 355 төгрөгөөр, төгрөгийн рубльтэй харьцах ханш 6 төгрөгөөр, төгрөгийн юаньтай харьцах ханш 18 төгрөгөөр тус тус суларсан гэв.

Гэтэл "Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үндсэн үүрэгтэй" Монголбанкнаас ханшийн өсөлтийг инфляцийн хөөрөгдөл, импортын хэрэглээ өссөнтэй холбон тайлбарлаж байна. Иймд бид өчигдөр /2025.05.27/ валютын ханшийн өсөлтийн шалтгааныг “Найман шарга” захаас эрэлхийллээ.

ВИДЕО: 

-АРИЛЖААНЫ БАНКУУД ЗАХ ЗЭЭЛД БАЙГАА БЭЛЭН ГҮЙЛГЭЭНИЙ ЭРЭЛТИЙГ ХАНГАЖ ЧАДДАГГҮЙ-

“Найман шарга” зах дээр өчигдөр /2025.05.27/ ам.долларыг 3593 төгрөгөөр худалдан авч, 3598 төгрөгөөр худалдаж байв. Харин юанийг 499 төгрөгөөр худалдан авч 501 төгрөгөөр, еврог 4070 төгрөгөөр авч 4085 төгрөгөөр худалдалж байсан юм. “Найман шарга” захын валютын ченж ярихдаа “Хамгийн гол нь арилжааны банкууд бэлэн гүйлгээг хангахгүй байгаад л учир байна. Одоо цагт хүмүүс ийш тийшээ их аялдаг болсон. Швейцарь доллар, австрали доллар, евро авья гэхээр арилжааны банкинд байхгүй гээд өгдөггүй.  

Ганц гайгүй гүйлгээтэй байдаг юаниа бид хөөцөлдөж, захиалга өгч, алалцаж байж олж авдаг. Тэгэхээр арилжааны банкны үйл ажиллагаатай валютын зах зээл 99 хувийн хамааралтай байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ченжүүд биднийг валютын ханш өсгөлөө гэдэг. Монголбанк долоо хоног бүр валютаа зардаг. Гэхдээ арилжааны банкууд түүнийг нь аваад дарчихдаг. Өсгөөд зардаг. Дундаас нь ашиг хардаг” гэсэн юм.  

-“МОНГОЛ БАНК” ВАЛЮТ ЖААХАН ХОВОРДООД ИРЭХЭЭР ҮНЭТЭЙ ЗАРЧИХААД БУРУУГ НЬ “НАЙМАН ШАРГА” РУУ ХИЙДЭГ ТАЛ БИЙ-

Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар “Эрэлт байгаа болохоор түүнийг дагаад валютын ханш өсч байна. Арилжааны банкуудад валют байвал хүмүүс биднээс гуйхгүй шүү дээ. “Хаан банк” бол валют бараг гаргадаггүй. Арай гайгүй нь “Голомт банк”.  "Голомт банк" дээр очоод үз. Валют авья гэхээр нэг хүнд  1000, 2000 доллараас хэтэрдэггүй. Байхгүй, 50 саяын лимиттэй гэдэг. 

Монголбанк валют жаахан ховордоод ирэхээр үнэтэй зарчихаад бурууг нь “Найман шарга” руу хийдэг тал бий. Бас нэг зүйл нь нүүрс гарахгүй болохоор валют орж ирэхгүй байгааг хаа хаанаа мэдэж байгаа байх аа” гэсэн юм.

Түүний хэлсэнчлэн БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл зогсонги байдалд орж манай улс 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-тай 5.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн гэдэг тоон мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл нийт экспорт өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллараар буурсан бөгөөд үүнд нүүрсний экспорт 1.2 тэрбум ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн гэж албаны эх сурвалж онцолсон юм.

-УУЛ УУРХАЙН ЭКСПОРТ БУУРСНААС МОНГОЛ БАНКНЫ ИНТЕРВЕНЦ 17 САЯ АМ.ДОЛЛАР ХҮРТЛЭЭ БУУРЧЭЭ-

Уул уурхайн экспорт буурсан нь Монголбанкны интервенцид мөн тодорхой тусгалаа олоод байна. Тодруулбал, Монголбанк хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгэр сарын 22-нд 113 сая ам долларыг 3568 төгрөгөөр зах зээлд арилжаалжээ. Үүнээс хойш Монгол банкнаас зах зээлд нийлүүлэх ам.долларын хэмжээ буурсаар 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр 17 сая ам.долларыг 3572 төгрөгөөр нийлүүлсэн байна.

Түүнчлэн Монголбанкны ханшаар оны эхэнд ам.доллар 3420 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3573 төгрөг буюу 153 төгрөгөөр өсөөд байна.

Энэ бүхнээс харахад зах зээл дэх валютын эрэлтийг Монголбанк, Засгийн газар хангаж чадахгүйд хүрч, бүх төрлийн валют тэр дундаа ам.доллар, юань, еврогийн ханш тасралтгүй өссөөр эдийн засагт “улаан гэрэл” ассаныг дохиолж байна.